Америк дахь монголчууд “Морин хуурын аялгууг дэлхийд түгээе” уриатай арга хэмжээг Беркли хотод ирэх сарын 9, 10-нд хоёр дахь удаагаа зохион байгуулна. Монгол Улсын Морин хуурын чуулга, Вашингтон дахь Монгол соёлын төвийг түшиглэн, өв соёлоо сурталчлах зорилгоор 2007 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн Морин хуурын төв эл наадмын үйл ажиллагааг хариуцах бол оролцогчид нь Америкт ажиллаж, амьдардаг монголчууд болон морин хуурт сонирхолтой гадаадын иргэд байх юм. Морин хуурчид энэ үеэр шилдгээ шалгаруулахаас гадна тоглолтоо цөөн хүнд (цар тахлын улмаас) толилуулах нь. Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн арга хэмжээний үеэр хийсэн “Зүрхний чавхдас” богино хэмжээний баримтат киног олон улсын дөрвөн кино наадмын онцлох бүтээлээр нэрлэжээ. Морин хуураар дамжуулан монгол өв соёл, урлагийг сурталчлах зорилго биеллээ хэмээн зохион байгуулагчид ам сайтай байгаа аж.
Бэлтгэсэн Ж.Мишээл