СУИС-иас “Соёлын өв” нэрийн дор соёл урлагийн тайлбар толь бүтээжээ. Нээлтийг нь тус сургуулиас эрхлэн гаргасан хэд хэдэн номынхтой хамтатган хийж, цахимаар олон нийтэд дамжуулсан юм. Уг бүтээлд оролцсон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл “Соёлын өв”-ийг “Монголын нууц товчоо”-той адилтгаж байв. Тус их сургуулийн Соёлын сургуулийн захирал, урлаг судлалын ухааны доктор Ш.Эрдэнэцэцэг “Энэхүү тайлбар толь найман бүлгээс бүрдсэн. Соёлын өвийн чиглэлээр судалгаа хийж, сурталчлан дэлгэрүүлдэг хүмүүс, соёлын өв тээгчид, энэ хүрээнд ажилладаг байгууллагууд, ном, сэтгүүлүүд, зохион байгуулсан хурлууд, соёлын биет бус өвийн нэр томьёонууд, баримтат кинонууд гэхчлэн багц мэдээлэлтэй. Соёлын биет болон биет бус өв гэдэг бол монгол туургатныг дэлхийн бусад улс, үндэстнээс ялгадаг тамга, тэмдэг, дохио нь юм. Тиймээс холбогдох мэдээллийг ийнхүү нэгтгэн бэлдэж, айл өрх, монгол хүн бүрийн ном болгохыг зорьсон. Монгол соёлоо таниач, үр хүүхдэдээ өвлүүлэн уламжлуулахад анхаараач, мартсан юм байвал санаач, сэрээч гэсэн мессеж өгч байгаа. СУИС, түүний дэргэдэх Соёл урлаг судлалын хүрээлэн, Соёлын сургууль, Археологийн, Палеонтологийн хүрээлэн, Улсын төв номын сан, Соёлын өвийн үндэсний төв зэрэг соёлын өвийг хадгалдаг, хамгаалдаг бүхий л байгууллагын судлаачид, эрдэмтэн багш нар энэхүү тайлбар толийг бүтээхэд оролцлоо. Монгол хүн бүрийн мэдэж байвал зохих маш их мэдлэг бий. Монголчуудын хувцасны соёлын тухай уншихад л салахын аргагүй амттай” гэсэн юм.
Бэлтгэсэн Р.Оюунаа