БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв байгалийн музейгээ виртуал (программ хангамжийн тусламжтай бүтээсэн, бодитой мэт харагдах хиймэл орчин) хэлбэрт шилжүүлжээ. Цар тахлын нөхцөл байдлын улмаас тус төвийн үйл ажиллагаа тасалдаж, хүүхэд, залуус хүссэн үедээ музей үзэх боломжгүй болсон тул технологийн шийдэл ашигласан байна. Ингэснээр хүүхдүүд гар утас, таблет, компьютерын тусламжтайгаар хүссэн газраасаа музейд “очиж”, байгалийн биет үзмэрүүдтэй танилцах боломж бүрдэв.
Монгол орны унаган болон ховор амьтдын чихмэл, баримал, араг яс, ургамлын хатаамал зэрэг 1000 гаруй үзмэр виртуал музейд бий. Мөн манай улсын тусгай хамгаалалттай нутаг, биологийн нөөц, байгалийн бүс, бүслүүрийн онцлог, газар зүйн байршил, онцлогийн талаарх мэдээллийг самбарт байршуулжээ. Тус төвийн байгаль хамгааллын мэргэжилтэн Ц.Төгөлдөр “Төслийн санаачлагч болох НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг агаар, орчны бохирдлыг бууруулах, үүнд хүүхэд, залуучуудын оролцоог хангах чиглэлд анхаарал хандуулж буй. Тиймээс мэргэжлийн судлаач, хөтөч нар виртуал музейн үзмэр, мэдээллийг ашиглан агаар, хөрс, усны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт гэсэн тодорхой сэдвийн хүрээнд сурагчдад танин мэдэхүйн хичээл зааж байна” гэв.