Нийслэлийн ЗДТГ, Монголын урчуудын эвлэл, “Дүрслэх урлагийн академи” дээд сургууль, зураачдын “Урлаг” холбоо хамтран Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй. Өнөө жилийн “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн наадам нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн нийслэл хотоороо овоглосон дүрслэх урлагийн олон улсын биенналийн суурийг тавих, тогтмол үйл ажиллагаатай томоохон урлагийн наадам, үзэсгэлэнтэй болохыг зорьжээ. Наадмын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг улсын болон хувийн галерей, музей, цэнгэлдэх болон цэцэрлэгт хүрээлэн, төв талбай зэрэгт дүрслэх урлагийн бүх төрөл зүйлийг хамруулсан үзэсгэлэн, монументаль урлаг буюу хот чимэглэлийн баримал, өрөг урлаг, модон болон чулуун сийлбэр, керамик, усан будгийн симпозиум, соёлын бүтээлч үйлдвэрлэл, урлагийн боловсролын сургалт, дүрслэх урлагийн мэргэжлийн талаарх сурталчилгаа, хотын хөшөө дурсгалтай танилцах аялал зэргийг хүргэж байна. “Улаанбаатар” наадмын хүрээнд өнгөрсөн пүрэв гаргаас модон сийлбэрчдийн симпозиумыг Монголын сийлбэрчдийн “Тулга” холбоотой хамтран Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулж байна. Үүний хүрээнд 10 багийн 20 сийлбэрч өдгөө үзэгчдийн өмнө бүтээлээ урлан өрсөлдөж байгаа юм. Энэ сарын 26-нд дуусгах сийлбэрчидын бүтээлээр үзэсгэ лэн дэлгэж, шилдгийг тодруулах аж.
Ташрамд дурдахад, “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн анхдугаар наадмыг 2018 онд Монголын урчуудын эвлэлийн санаачилгаар зохион байгуулсан. ОХУ, БНХАУ, Швед, Эстони, Мьянмар, Австрали, БНСУ-ын болон манай 50 гаруй зураач, уран бүтээлч тус наадамд оролцож, Улаанбаатар хотын 11 галерейд бүтээлээ дэлгэн, “Бид урлагийг шинээр яаж харах вэ” хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.