Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Дээд боловсролын сайд Хосе Рамон Саборидотой уулзаж, боловсролын салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Хоёр талын харилцаанд боловсролын салбар чухал байр суурь эзэлдгийг талууд онцолж, эл уламжлалаа цаашид улам гүнзгийрүүлэхээр ярилцсан юм. Боловсролын салбар, тэр дундаа хоёр орны их, дээд сургуулиудын харилцаа холбоог нэмэгдүүлэх чиглэлээр тал талаасаа анхаарч ажиллахаар санал нэгдлээ. Кубын Засгийн газраас өнөөдрийг хүртэл Монголын 140 гаруй оюутан, залууст тэтгэлэг олгожээ. Харин 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн Кубын залуусыг тэтгэлэгтэй сургах боломжийг манай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бүрдүүлээд байна.