Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Монголын нотариатчдын танхимынхантай өчигдөр уулзаж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр нотариатчийн үйл ажиллагаанд хяналт тавих талаар ярилцсан байна. Уулзалтад Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл оролцож, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх гарын авлага, Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журмын дагуу тайлан бөглөх заавар, зөвлөмжийг танилцуулсан байна. Энэ үеэр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нотариатч хуульд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, хяналт, шалгалтын ажлыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй тохиолдолд зөрчлийн болон эрүүгийн хэрэгт холбогдож болох эрсдэлийг тодорхой жишээ, баримтад тулгуурлан тайлбарлаж, хэд хэдэн чиглэлийг өглөө.