Тэнгэрийн хөх өнгөнд дургүй. Яагаад гэхээр амархан бохирддог. Бусад өнгөтэй холиход түргэн сарнидаг. Хамгийн гоё өнгө бол ягаан. Бусадтай сүлэхэд улам сэтгэл татам. Аливаа зүйл цэвэр тунгалаг байгаасай гэж боддог болохоор тэр юм уу, аяндаа ийм л өнгөөр дуртай зураасуудаа татаж суудаг юм” хэмээсэн зураач Д.Боргилсайхан өнөөдөр бидний дунд үгүй ч бүтээлүүд нь эзнийхээ өмнөөс “ярьж” байна. “Норфей” арт галерейд түүний бүтээлийн “Үгүйлэмж” үзэсгэлэнг нээжээ. Эл арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зураачид алсад одсон анд нөхрөө үгүйлэн гэгээн дурсамжууд өгүүлэв. Тэдний яриаг сонсож байх нь ээ, Д.Боргилсайхан агсан бол манай улсын анхны чөлөөт уран бүтээлчдийн нэг, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн тод төлөөлөгч ажээ. Хоёр нийгмийн зааг дахь монголчуудын амьдралын үнэн төрхийг абстракт сэтгэлгээ, өнгөний зоримог шийдлээр илэрхийлж ирэн цөөн зураачийн нэг юм байна.
Тэрбээр 1990-1994 онд Дүрслэх урлагийн их сургуульд суралцан төгссөн бөгөөд Монголын урчуудын эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбарт нэлээд хэдэн жил ажил ласныг эс тооцвол бие даан туурвиж ирсэн, уран бүтээлийн, тэр дундаа сэтгэлгээний эрэл хайгуул байнга хийсэн жинхэнэ чөлөөт уран бүтээлч аж. Социа лист реалист үзэл санаагаар төлөвшсөн зураачдын олонх нь амьдралын өөр замыг сонгон, ганзагын наймаанаас эхлүүлээд төрөл бүрийн ажилд “урвасан” он жилүүдэд ч цаг үеийн шуур ганд өртсөн хэрнээ сөхрөлгүйгээр уран бүтээлээ л “нухаж”, өнөө үнэ цэн нь тодорч, товойж буй зургуудаа туурвижээ. Дүрслэхийн сургуулийн оюутан байхдаа М.Эрдэнэбаяр найзынхаа санал болгосноор хичээлээ орхичихоод Орос орны алдартай галерей, музейнүүдийг хэсэж явсан гэнэ. Тийнхүү юм үзэж, нүд тайлж явсных болов уу, нэгэн үе контемпорари чиглэлээр туурвидаг нөхөдтэйгөө санаа оноо уралдуулж байжээ. Ийм нэгэн, эрх чөлөөний, амьдралын үнэний дууч нэгэн бүтээлээ “Үгүйлэмж” хэмээн нэрлэсэн юм байна. Хүүхдүүд нь, хамтран зохион байгуулж буй галерейнхан үзэсгэлэнг нь ийнхүү нэрлэсэн аж.
Бэлтгэсэн Р.Оюунаа