Монгол Улсын гадаад валютын нөөц энэ оны долдугаар сарын эцэст 4.57 тэрбум ам.доллартой тэнцээд байна. Үүнээс хойших статистикийг Төвбанкныхан хараахан гаргаагүй байгаа аж. Улсын валютын нөөц энэ оны дөрөвдүгээр сард 4.89 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшин тогтоосон удаатай. Үүнээс хойш валютын нөөц 320 сая ам.доллароор буурав. Монголбанкнаас өнгөрсөн хоногт гаргасан Санхүүгийн тогтвортой байдлын тайланд “Дэлхийн санхүүгийн нөхцөл үргэлжлэн чангарах нь хөгжиж буй орнуудаас хөрөнгө гадагшлах урсгалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Хөрөнгө гадагшлах урсгал нэмэгдсэнээр Монгол Улсын гадаад валютын нөөц буурах, төгрөгийн ханш сулрах дарамт нэмэгдэх, улмаар зах зээлийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж, гадаад санхүүжилтийн өртгийг нэмэгдүүлж болзошгүй юм. Мөн гадаад өрийн түвшин өндөр байгаа одоогийн нөхцөлд өрийн эргэн төлөлтөд хүндрэл үүсэх эрсдэлийг дагуулна” гэж дурджээ. Хөрөнгө гадагшилж эхэлсэн талаар санхүүгийн зах зээлийнхэн санаа зовнин ярих болсон. Хадгаламжийн хүү нэг оронтой тоонд орж, өгөөж нь буурснаар иргэд, аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээлд хөрөнгө оруулах сонирхолтой болжээ. Ингэснээр хөрөнгийн гадагшлах урсгал идэвхижсэн байна. Тиймээс валют гадагшлах урсгалыг зогсоохын тулд дотоодод хөрөнгө оруулах шинэ бүтээгдэхүүнүүдийг бодлогоор бий болгох хэрэгтэй гэж санхүүчид үзэж буй.