Тасганы Овоо орчимд байрлалтай “Петровис”, “Сод Монгол” компанийн шатахуун түгээх станцууд өчигдөр 16.00 цагт АИ-95, АИ-92-ыг зарахгүй байлаа. Түгээгчдээс учрыг нь асуухад “Станц дахь нөөц дууссан, хэзээ бүтээгдэхүүн ирэхийг мэдэхгүй” гэв. Харин “Super-92” болон “М ойл” шатахуун түгээх станцад тус бүр 20 гаруй иргэн автомашинтайгаа дугаарлан, ихдээ 30 000 төгрөгт АИ-92, АИ-95-ыг худалдан авч байв. Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “ОХУ, БНХАУ-аас нийлүүлж буй бензин тасалдсан нь үнэн. Гэхдээ хомсдол үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, бензин зарахаа болихгүй, хязгаарлалтай ч борлуулна. Импортлох хэмжээгээ ирэх сараас нэмэгдүүлж шатахуун түгээх станцууд хэвийн ажиллах боломж бүрдүүлнэ. Мөн АИ- 95-ын ханшийг нэмсэн аж ахуйн нэгжүүдэд үнээ буулгах шаардлага хүргүүлсэн” гэлээ. Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Шатахууны хомсдол үүсэхгүй, үнэ нь тогтвортой байх талаар хэдхэн хоногийн өмнө АМГТГ-аас мэдээлсэн. Гэтэл АИ-95-ын үнэ нэмэгдэн, зарим шатахуун түгээх станц АИ-92-ыг өнөөдөр (өчигдөр) борлуулсангүй. Яагаад ийм нөхцөл үүсэв, цаашид ямар арга хэмжээ авах тухайд тайлбар өгөхийг хүссэн албан бичгийг бид АМГТГ-т хүргүүлсэн. Албан бичгийн хариутай уялдуулан, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийн зохиомол хомсдол үүсгэж буй, эсэхийг нь тодруулна” гэв.