Залуучуудад, залуучуудын байгууллагуудад хандаж хэлэх үг байна. Ялангуяа Монголын залуучуудын холбоо (МЗХ)- ныхон, ерөнхийлөгч О.Гэрэлт-Од болон бусад олон “дэд” нь хүлээцтэй хандан, дүгнэлт хийгээд, хариу байвал хэлэхийг хүсье. Монголын залууст та бүхний эерэг нөлөө, үлгэр дуурайл дутаж байна.
Үе үе хийдэг эв хавгүй мэдээллүүдээс чинь хэн хүнгүй цочдог. Авлигын эсрэг аян өрнүүлнэ, энэ хүрээнд авлига авсан нь шүүхээр тогтоогдсон хүмүүсийг нийгмээр жигшүүлэх ажил зохион байгуулна гэсний чинь ухааныг олохгүй суугаа нь олон. Зарим нь эгдүүцэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдвол тухайн хүн ялаа эдэлнэ. Ял бол түүний л шийтгэл. Гэр бүл, үр хүүхэд, удам сударт нь хамаатуулахгүй байх нь хүний эрхийн асуудал бөгөөд улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан байдгийг та бүхэн эрхбиш мэдэх байлтай. Энэ бол танай байгууллагын зүгээс үе үе анзаарагддаг таагүй алхмуудын нэг байлаа.
Өнөөдөр цар тахал нийгмийг бүрхээд байгаад Монголын залуучуудын холбоо “хувь нэмэр” оруулсныг зориуд онцолж, түүхийн хуу даснаа үлдээх нь зүй хэмээн бодно. “Яаж” гэж асуух биз. Коронавирус, тэр дундаа дельта хэл бэрийн халдвар хурдтай тархахад Монголын залуучуудын холбооны 100 жилийг ойг тэмдэгдэх хүрээний ажлуудын үеэрх хүмүүсийн бөөгнөрөл нөлөөлөв. Улс даяар төрийн их баяр наадмаас татгалзаад байхад төрийн, бөхөд дуртай дарга нарыг өөрсдөдөө элсүүлэн холбоо байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд бөхийн барилдаан зохион байгуулсан цагаас хойш ялангуяа орон нутагт халдвар илүүтэй тархсан. ЭМЯ-наас гаргасан халдварын тархцыг үзүүлсэн графикийг хараарай. Монголын залуучуудын холбоо хэмээх, 100 жилийн түүхтэй байгууллагын өнөө цагийн, ялангуяа удирдлагуудын манлайлал, үлгэр дуурайл ийм ажгуу.
Энэ байгууллага орчин үеийн Монгол Улс бүрэлдэхэд түүхэн үүрэгтэй, оролцоотой, тэргүүн зэргийн хөдөлгөгч хүчин байсан үе бий. Түрүүчийн нийгмийн бүтэц, байгууламж, зорилготой уялдуулан төрүүлсэн учир арга ч үгүй биз. Төрийн эрх барих байгууллагын баруун гарын туслах, үзэл суртлын томоохон зэвсэг ч байв. Дэргэдээ Монголын хоёр дахь өдөр тутмын томоохон хэвлэл “Залуучуудын үнэн” сонинтой хүчирхэг байгууллага байлаа. Гэтэл монголчууд ардчилсан нийгмийг сонгон замнахтай зэрэгцээд энэхүү байгууллагын учир, зорилгын утга алдагдаж, нэр төдий болж ирсэн нь үнэн юм. Юутай ч төрөл бүрээр тэмцсэний үр дүнд өөрийн байшинтайгаа үлдсэн бөгөөд өнөөдөр өрөө тасалгаануудаа түрээслэн, урсгал зардлаа төлж суудаг, байдаг л нэг субъект болж хувирсан нь бас нуух аргагүй үнэн. Өрөө байраа түрээслэх, зардал, санхүүгээ хэрхэн зохицуулах нь хаана ч, хэнд ч байх дотоод асуудал. Үүнийг Монголын түүхэн дэх залуучуудын тодотголтой хамгийн том байгууллагын үйл ажиллагаа, зорилго, нэр нөлөөтэй холбох хэрэггүй юм. Хүсвэл, сэтгэвэл, зөв ажиллаж, зохион байгуулж чадвал эерэг бүхнийг үйлдэж, орчин тойрондоо сайнаар нөлөөлж чадна. Тэр бол манлайлал. Гэтэл өнөөдрийн Монголын залуучуудын холбоонд тийм үлгэр дуурайл алга. Харин ч эсрэгээрээ залуучуудын, улмаар бүх насныхны эгдүүцлийг төрүүлэм үйл, үйлдэл байсхийгээд хийх юм. Өнөөгийн ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нь авлигын эсрэг аян өрнүүлэх талаар мэдээлэл хийх үеэр нийгмийн сүлжээнд хоёр өдөр хараал, “ерөөл” болсон. “Шинээр ял ногдуулдаг газар гараад ирчихэж. Өмнө нь “Хар ба цагаан жагсаалт” гээч юм гаргаж ирсэн ч үр дүнтэй юу ч хийгээгүй. Гэтэл одоо бүр давхар ялладаг болох нь. Ийм байж арай болохгүй. Бүхэл бүтэн Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч нь ингэж хэлж байдаг. Эцэг, эх нь хийсэн буруу хэргийнхээ лайг өөрсдөө үүрэх ёстой. Яагаад удам судар, үр хүүхдийг нь нийгэмд жигшүүлэх гээд байгаа юм бэ” гэж асууж байсан. Мөн “Монголын коммунист намынхны тэтгэж, дэмждэг, урд хөршийн ижил төстэй намаас бүтээлчээр суралцдаг болохоор “үзэн ядах” цуглаан хийхээр болжээ” гэж зэвүүцэж байв. Бас нэгэн залуу “Авлига авсан бол тохирсон ялаа эдлэх нь зөв. Түүнээс тухайн гэр бүлийнхнийг нийгэм даяар жигшүүлж чулуугаар нүүлгэж яах нь вэ. Үнэхээр ингэж хэлсэн бол залуу хүний хувьд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийг, байгууллагыг дэмжихгүй. Хойд Солонгост бол ийм арга үр дүнтэй байж магад гүй. Залуучуудад чиглэсэн даацтай бодлого хэрэгжүүлж, хөгжилд түүчээлэн, манлайлж байвал дэмжинэ. Харин ийм маанаг байж болохгүй” гэсэн байлаа.
Өөрийн мэдэх Монголын залуучуудын холбооны тухай цухас дурдсан. Тэгвэл тус байгууллагын сүүлийн 30, 20, 10 жилийн түүх, замналын талаар юу мэдэх вэ, би. Болсон үйл явдал, зохион байгуулсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн төсөл гэх зэргийг нэгбүрчлэн санахгүй ч санаанд юу байна, ямар сэтгэгдэл төрдөг талаар хуваалцъя.
Монголын залуучуудын холбоог нэг, хоёр болон хэсэг бүлэг хүн олон нийтэд нэр хүнд олж авах хэрэгсэл болгон хувиргасан. Хийдэг, бүтээдэг дорвитой ажил бараг байхгүй. Нэр хүндийг хэрхэн олж авдаг вэ гэхээр, удаа дараа зурагтаар гарах арга замаар. Яаж вэ гэхээр, байгууллагынхаа шагналыг гардуулж, үнэн хэрэгтээ тарааж. Эднийх нэлээд хэдэн янзын медальтай. Олон нийтийн сайн мэддэг нь “Тэргүүний залуу” медаль. Эхэн үедээ энэ шагнал нэр хүндээр дажгүй байсан нь үнэн. Сүүлдээ байгууллагууд ой тэмдэглэх, эсвэл шинэ жилийн баяр зохион байгуулах хөтөлбөрөө гаргахдаа “Яах вэ, Монголын залуучуудын холбооноос манайханд “Тэргүүний залуу” медаль гардуулъя гэнэ. Юу гэж хэлэх вэ. Улиг, бас хавтгай болчихсон шагнал” гэж хүртэл эргэлзэн ярьж байсан нь ч бий. Лав мэдэхээр хөгжмийн мэргэжлийн сургуулийн оюутнууд гадаадын сургуулиуд руу товч намтар, танилцуулгаа орчуулан өгч явуулахдаа уг медалийн тухай гэхээс илүүтэй гарамгай уран бүтээлчдийн “Виртуозо” нэгдсэн тоглолтод уригдан тоглосон тухайгаа бичсэн байхыг нэг бус удаа харсан юм. “Олон юм бичих хэрэггүй, дорвитой хэдхэн шагнал байхад болно. Нэгдсэн концертод тоглох урилга бол мэргэжлийн давуу талыг нотолно. Харин МЗХ-ны шагналыг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй” гэж байсан юм. Тэгэхээр “Тэргүүний залуу”-гийн үнэ цэн бүрхэг ч юм шиг.
Тус байгууллагын шагнал үүгээр тогтохгүй. Хамгийн том нь “Шилдэг удирдагч”. Өндөр шалгуураар олгодог байх. Нэр хүндээр дутахгүй бас хоёр бий. Энэ нь шударга ёсны “Алтан од”, эв нэгдлийн “Мөнгөн од” юм. Үүний араас нэр хүндээр “Тэргүүний залуу” эрэмбэлэгдэнэ. Дараа нь “Төрийн тэргүүний залуу түшээ” хэмээх медаль байр суурь булаалдан торойж байдаг. Социализмын үеэс байсан “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” гэдэг шагнал өнөө хэр бий. Энэ нь тухайн үед ихэд хэрэгтэй идэвхжүүлэгч байв. Залууст чин сэтгэлээ зориулан сайнаар нөлөөлсөн, алдаж явсан бол ухааруулсан, амьдралын зөв замд хөтөлсөн хүмүүст олгодог байв. Одоо ч хэвээр хэмээн найдна. “Залуучуудын зүтгэлтэн” гэдэг медаль байна. Үүнийг хэнд хаягладаг талаар ойлголт алга. Мөн салбар бүрээр “Тэргүүний” гэж байх. Тэргүүний залуу хуульч, багш, эмч, бизнесмэн, инженер, тариаланч, малчин, оюутан гээд явж өгнө. Холбооны удирдлагууд энэ бүхнээ гардуулж өгөх гэж тайзан дээр гарна, зураглаачийн дуранд өртөнө. Тэр хэрээр тухайн хүмүүсийн царай төрх олонд танил болдог гэж тооцоолдог. Ийнхүү нэлээд хэдэн жил шагнал гардуулж явснаа УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлээд эхэлнэ дээ. Гэхдээ сонгуульд ялах нь бараг үгүй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг л энэ замаар амжилттай замнасан нь байх. Бусад нь сонгуульд бүдэрсэн ч ямартай ч улс төрийн гал тогоонд байсаар байдаг. Ийм байдал өнөөдөр ч адил ажгуу.
Уг нь Монголын залуучуудын холбооны ажил залуусыг оюун сэтгэлгээний хувьд сэрээх, сэргээх, орчин үеийн байлгах баймаар. Гэтэл үнэндээ сэтгүүлч Ч.Ганжавхлан гэдэг ганц залуугийн зангарагт хүрэх нөлөө ч үгүй нь бас үнэн билээ.
Монголын залуучуудын холбоо ажилладаг, нөлөөлдөг бол өнөөдөр манай улсын 18-аас дээш насныхан ядаж цар тахал тараахад биечлэн оролцох нь бага байх болов уу. Нийгэм нэлэнхүйдээ “Ковид-19”-д идэгдээд буйд зөвхөн төр, засаг буруутай биш. Иргэдэд, тэр дундаа хувь залуучуудад, тэдний нэр барьдаг ч ачир дээрээ тэдний гэгээрэл, хөгжлийн төлөө ажиллахаар тааруу төрийн болон төрийн бус байгууллагуудад ч буруу их гэдгийг хэлээд байгаа юм.
Монголын залуучуудын холбооны удирдлагууд дахин нэг бодож үзнэ биз. Залуучууд сайхан нийгмийг гардан бүтээхэд, байгуулах чиглэлд залуучуудын байгууллага хэрхэн нөлөөлөх ёстой юм бэ. Яавч одоогийнх шиг удирдлагууд нь өөрсдөө буруу хазгай явдал, суудалтай байж таарахгүй. Ухааныг нь олохгүй байвал удирдаж буй байгууллагынхаа 100 жилийн түүхийг сайтар судлаач гэж хэлэх байна.