Дуучин "Orice" нэрээр хөгжмийн ертөнцөд байр сууриа эзлээд байсан, иргэн М.Алтан-Оргил өнгөрсөн жил харамсалтайгаар амиа алдсан хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст багагүй хугацаанд шалгасан. Шалгалтын ажиллагаа дуусаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Хэргийг эргэн сануулахад, 2020 оны долдугаар сарын 25-нд дуучин М.Алтан-Оргил бусдад зодуулж, таван давхраас унаж нас барсан гэх мэдээлэл тухайн үед гарч байв. Цагдаагийн байгууллагаас "Хохирогч гаднын нөлөөгүй нас барсан. Хэргийг шалгаж байна" гэж мэдэгдсэн юм. Харин сүүлийн үед дээрх хэргийг хаасан гэх мэдээлэл гарах болов.
Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэл бодитой, эсэхийг тодруулахад "Иргэн өндрөөс унаж нас барсан хэргийг хаагаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Зарим хэвлэлээр хэргийг хаасан гэх мэдээлэл түгсэн. Энэ нь худал болохыг мэдэгдэж байна" гэв.