Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, олны хэлдгээр Долоон буудал орчмын нэгэн гудамжны хашаануудыг орчин үеийн сэдэв бүхий өнгөлөг зургаар гоёж, тохижуулжээ. Ингэснээр тэнд орон гэргүй, архины хамааралтай хүмүүс цуглахаа байж, ил задгай бие засахаа ч больсон гэнэ. Тус хорооны Засаг дарга Л.Мөнхтүвшин өнгөрсөн хавар болсон “Ногоонбаатар” наадмын үеэр “976 арт галерей”-н уран бүтээлчдийн туурвисныг хараад, бохир орчныг урлагийн нөлөөгөөр өөрчлөх боломжтой юм байна хэмээн үзсэн аж. Ингэснээр тус галерейгаас хэрэгжүүлдэг “Улаан булан” төслийн багт хүсэлт тавьж, өмнө нь бараг л өмхий ханхалдаг байсан гудамжийг өнгөрсөн сард зургаахан хоногийн дотор ийнхүү өөрчилжээ. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ынхан уг ажлаас санаа авч, цаашид хороо бүртээ ийм төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан байна.
Бэлтгэсэн Р.Жаргал