70 нас гарсан ээж нь сүүлийн үед голдуу л хэвтээд, өрөөнөөсөө гарах дургүй, хоол цайндаа ч тааруу болж байгаад сэтгэл нь зовсон нэгэн эмэгтэй мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаар судалсаар “Оргилын Аюуш” хэмээн олны дунд танигдсан П.Цэнд-Аюуш эмчтэй холбогджээ. Эмч ээжийг нь үзээд “Хэвтрээс болж ууц нуруу нь цоорчээ” гэсэн байна. Тухайн хэсэгт нь улайгаад, бага зэрэг овойсон болохоор хүүхдүүд нь тос түрхээд боочихсон нь улам дордуулж, шарх идээлсэн байж. Ер нь гэрийн асаргаанд байгаа ахмадуудад иймэрхүү зүйл тохиолдох нь түгээмэл болохыг эмч нар хэлдэг. Тэд дур мэдэн элдэв зүйл түрхэж, буруу арга хэмжээ авсны дараа эмнэлэгт ханддаг аж. Тиймээс П.Цэнд-Аюуш эмчээс энэ талаар тодруулан, хэвтрийн холголтоос улбаатай цоорол өвчний үед хэрхэх талаар товчхон зөвлөгөө хүргэе.
Ташрамд өгүүлэхэд, тэрбээр АШУҮИС-ийг төгсөөд, 1990-2010 онд “Оргил” рашаан сувилалд эмч, Клиник тасгийн эрхлэгч, Монгол, Солонгосын уламжлалт эмнэлгийн төвд ажиллаж байсан туршлагатай, клиникийн профессор аж.
Юуны түрүүнд асаргаа шаардлагатай болон гэртээ голдуу байдаг, хөдөлгөөн дутагддаг настнуудынхаа бие, гар, хөл, арьсыг үе үе ажиглаж, энд тэнд нь шарх, шалбархай, овойсон зүйл байгаа, эсэхийг шалгах ёстойг тэрбээр зөвлөв. Дээрх тохиолдлын хувьд ээж нь сүүлийн нэг сар орчим голдуу хэвтэж өнгөрүүлсэн бөгөөд үүнээс улбаалан ууц нуруу нь холгосноос улайсныг мэдээгүй аж. Хэвтрийн улмаас үүсдэг холголтын цоорлын нэг шалтгаан нь битүү орчноос үүдэлтэй гэж үздэг байна. Нөгөөтээгүүр, олон сараар хэвтсэнээс болж ууц нуруу цоордог гэсэн буруу ойлголт иргэдэд бий гэнэ. Ялангуяа настай хүмүүсийн хувьд бие махбод нь хэдхэн хоногийн дотор ч ийнхүү холгон, цооролт үүсдэг учраас хэвтэх байршлыг нь аль болох солих хэрэгтэй. Ингэснээр агааргүйтэж, холгохоос сэргийлнэ. Ер нь удаан хугацаагаар хэвтэрт, эсвэл тэргэнцэр дээр сууснаас биеийн тодорхой хэсгүүдэд байнга даралт үүсэн, цусан хангамж алдагдаж, улмаар эд, эс тэжээлгүйтэн үхжихийг цооролт гэдэг байна. Тиймээс асаргаа, сувилгаа тун чухал бөгөөд цагаан хэрэгслийг нь байнга солих, гудас хэвтрийг зөөлөн, тэгш байлгах нь наад захын шаардлага. Үүний зэрэгцээ хоолны шим тэжээлд анхаарч, шингэн зүйлийг халуун, бүлээнээр тогтмол уулгах нь тустай аж. Түүнчлэн биеийг нь байнга чийгтэй алчуураар арчиж, цэвэрлэнгээ ажиглах хэрэгтэй. Үүний дараа болж өгвөл сүүлний тосоор тослоорой. Энэ нь арьсанд тэжээл өгч, уян хатан байлгахад нөлөөлдөг болохыг эмч онцлон дурдсан юм. Хэрэв ууц нурууны хэсгийн өнгө өөрчлөгдөж, улайх янзтай болбол нянгийн эсрэг савангаар угааж, тослоод, тэр талаар нь хэвтүүлэхгүй байхыг хичээгээрэй. Дээр дурдсан шиг үрэвслийн гэх тос түрхэж, боож, битүүлж болохгүйг онцгойлон анхаарах учиртай.
Асаргааны өөр нэгэн чухал зүйл нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх гэдгийг эмч дурдав. “Байнга хүний гарт байна” гэж настнууд маань сэтгэлээ чилээж, “Намайг тоохгүй юм” хэмээн гомдож ярихаас дургүйцэх нь түгээмэл. Тиймээс болж өгвөл “өдөж, хоргоож” байхад гэмгүй гэнэ. Мөн өөдрөг сайхан үг хэлж, үнсэж, илж өгөхөд л тэд маань баярлах нь мэдээж.
Бэлтгэсэн Э.Хана