Эрдмийн далайд аялахаар сурагч болсон багачуудад цагаан толгойн үсгүүдийг нүдэлж, цээжлэх, холбон унших нь хамгийн төвөгтэй үе шат. Тэднээс гадна аав, ээж, асран хамгаалагч нарынх нь хувьд ч энэ үе “дайн”-аас ялгаагүй байдаг талаар хошигнодог шүү дээ. Тэгсэн атлаа бага насныхан зурагтаар хүүхэлдэйн кино үзэнгээ англи хэлэнд “ус цас” болж байгааг жирийн иргэд төдийгүй мэргэжлийн боловсролын байгууллагынхан ч ярьдаг. Яг ийм жишээ өчнөөн бий. Нэг найзын маань бага хүү таван настай ч сайн ярьдаггүй. Ярихдаа монгол, англи үг холино. Түүнд гадаад хэл заасан хүн үгүй. Түүний “багш” нь хүүхэлдэйн киноны баатрууд. Сүүлийн үед багачууд зурагт, гар утастай “найзлаад” иймэрхүү маягаар ярих нь түгээмэл болсон талаар хэл засалч эмч ч хэлсэн юм. Хүүхдүүдийн эл онцлогоос санаа авсан нэгэн ээж үсэг цээжилж, унших үйл явцыг хялбар, сонирхолтой болгох зорилгоор гар утасны аппликэйшн бүтээжээ.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 4-6 насны 242 825 хүүхэд бий. Энэ насныхны сэтгэлгээнд тохирсон дүр, дүрслэл бүхий “Тоби” нэртэй аппликэйшн нь 35 үсгийг таниулах аялалтай. Өөрөөр хэлбэл, зөвхөн ном, дэвтэртэй “зууралдах” бус, аялж, мэдлэг хуримтлуулах явцдаа үсгүүдийг нүдэлж, уншиж сурахад тусална гэсэн үг. “Тоби”-ийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө 3-6 насныханд туршиж үзэхэд үр дүн нь өндөр байсан талаар бүтээгч нь болох, “Систем зоне” компанийн захирал Б.Ихтамир танилцуулсан юм. Тэрбээр “Эл аппликэйшн бол монгол инженер, мэргэжлийн контент бүтээгчид, сэтгэлзүйч, багш нарын хамтын бүтээл. Хэдийгээр хэрэглээнд нэвтрүүлээд удаагүй ч 10 мянга орчим хэрэглэгчтэй болжээ. “Тоби”-гоор тоглоод үсэг нүдэлж, цээжилсэн гурван настай хүүхэд олон байгаа нь бидэнд урам өгсөн. Энэ бүтээлийн онцлог нь тоглонгоо бие даан үсэг цээжилж, үг бү тээж сурах боломж юм” хэмээн ярилаа.
“Систем зоне” компанийнхан өнгөрсөн жил “өлгийдөж”, тодорхой хүрээнд туршилтаар хэрэглэсэн уг аппликэйшнийг сонсголын бэрхшээлтэй иргэдийн хүсэлтээр дохионы хэлний тохиргоотой болгожээ. Ингээд нийслэлийн 29 дүгээр сургууль зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгодог байгууллагуудад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй хэрэглүүлж байгаа аж. Зөвхөн хүүхэд гэлтгүй ийм шалтгааны улмаас сурч, боловсрох боломжоос хоцорсон томчуудад ч “Тоби” тусална.
Б.Ихтамир “Цар тахлын улмаас сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн нь бага ангийнхан, тэдний гэр бүлийнхэнд хүндрэлтэй байсан. Би ч ийм насны хүүхэдтэй ээж учраас үүнийг мэдэрсэн. Цахимаар үзсэн хичээлүүдээ бататгаж, илүү сонирхолтой аргаар суралцахад манай аппликэйшн тусална. Бүтээгдэхүүний маань өртөг хэдийгээр өндөр боловч аль болох олон хүүхдэд хямд хүргэхийг бид зорьж байна. 15 000 төгрөг төлөөд 90 хоногийн хугацаанд “Тоби”-ийг гар утсанд суулгах боломжтой. Бид монгол цагаан толгойн цахим хувилбараас гадна бүх насныханд зориулсан “Tobi-China”, англи хэлний дүрэм, уншлага, дасгал ажил бүхий “Tobi-English” аппликэйшн гаргахад бэлэн болгоод байна. Эдгээр нь мөн л тоглох зарчмаар суралцагчийн оролцоонд суурилсан “сургалт” гэж болно” хэмээн танилцууллаа.