2017 оны аравдугаар сар. Цэрэг хувцастай цэнхэр дуулгатнуудын нэг 27 настай С.Саруул-Амьдрал эх орныхоо нисэх онгоцны буудалд хөл тавилаа. Тэрбээр Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд нэг жил үүрэг гүйцэтгээд ирсэн нь энэ. Хамт ирсэн нөхөд нь аав, ээж, ах дүү, анд найзуудаа тойруулан баяр хөөр болж байхад С.Саруул-Амьдралыг хэн ч тоссонгүй. Нутгийн салхи зөөлөн илбэх авч сэтгэлдээ гунигтай. Хүүхэд наснаасаа хүнд хүчрийг туулсан ч шантарч няцалгүй амьдралын төлөө зүтгэж яваа Санжмятавын Саруул-Амьдрал “Хүмүүс, аж амьдрал” булангийн маань энэ удаагийн зочин билээ.
ӨЛСӨХИЙН ЭРХЭД ХООЛ ХУЛГАЙЛДАГ БАЙВ
1990-ээд оны сүүлчээр В.Санжмятав эхнэр, гурван хүүхдээ дагуулан Улаанбаатар хотыг барааджээ. Говь-Алтай аймгийн уугуул тэрбээр хэдэн малаа зудад алдаж, улмаар орох оронгүй болсон байна. Өөд нь өргөж туслах хүнгүй учир нийслэлд ирээд Сонгинохайрхан дүүрэг дэх Хамбын овооны хогийн цэгт амьдрах болжээ. Тэрбээр эхнэрийнхээ хамт шил, лааз түүн, амь зогоож эхлэв. Өөрийн гэх гэр оронгүй тул хүүхдүүдээ айлд үлдээдэг байжээ. Хүүхдүүдээ түр байлгадаг хоёр хөгшний амьдрал ч зутруухан. Нэг өдөр ах дүү хоёр тэдний нуусан бингээс хулгайлж идээд хөөгдсөн гэнэ. Түүнээс хойш аав, ээжтэйгээ хамт шил, лааз түүдэг болж. Мөн “Нарантуул” захад тэрэг түрж, ундаа, чанасан өндөг, тор зардаг байжээ. Нэг ширхэг торыг 25 төгрөгөөр зарж, өдөрт 1000 төгрөг олдог байсан гэнэ. 100 төгрөгөөр нь наполеон торт авч идэж, өл залгуулаад үлдсэнийг нь хадгалдаг байжээ. Өлссөн үедээ тэсэлгүй хоол хулгайлдаг байснаа С.Саруул-Амьдрал ярьсан. Нэг удаа “Хархорин” захад ажиллаж байгаад мантуун бууз хулгайлж, дүү нь баригдаж шийтгүүлсэн гэнэ. Харин өөрөө хурдан гүйдэг тулдаа баригдаагүй аж. Бас ганц ширхэг лууван шүүрч аван зугтаж, олны нүднээс зайдуу иддэг байснаа ч нуусангүй.
Аз таарч хорооноос нь тэдэнд монгол гэр өгснөөр В.Санжмятавынх өөрийн гэх оронтой болжээ. С.Саруул-Амьдрал ч эгч, дүүтэйгээ хамт Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд суралцав. Түлээ худалдан авах боломжгүй учир тэднийх хуучин гутал түлж, гэрээ дулаацуулдаг байжээ. Хичээлдээ ирэхэд нь утаа угаар үнэртсэнээс болж хүүхдүүд тэднээс дөлж, хажууд нь суудаггүй байсан гэнэ. 2011 онд аав нь өөд болсноор гэр бүлээ авч явах хариуцлагыг том хүүгийн хувьд С.Саруул-Амьдрал үүрэх болов. Ингээд тэрбээр өглөө, үдэш, өвөл, зунгүй хар ажил гололгүй хийж, ээж, эгч, дүүгээ тэжээнэ. Хоёр мөрнөөсөө цус шүүртэл шуудай самар үүрч, уул өгсөж, урууддаг байснаа ярьсан. Багаасаа хүнд хүчир ажил хийсэн нь биеийн өсөлтөд нь нөлөөлж, гэрийнхнээсээ намхан болжээ.
Хэдийгээр хогийн цэгт толгой хоргодож, хоосон хонож, орц хонгилд хоног төөрүүлж явсан ч С.Саруул-Амьдрал сурах хүсэл, сайхан амьдрах мөрөөдлөө орхисонгүй. Хичээж зүтгэсний эцэст олон улсын эрхзүйч мэргэжил эзэмшиж, хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Тэрбээр улсын ерөнхий прокурор болох мөрөөдөлтэй. Хэдий том мөрөөднө, тэр хэрээр шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй биз ээ.
МӨРӨӨДӨЛДӨӨ ХӨТЛӨГДСӨН НЬ
“Зовлон надад тэвчээр суулгасан” гэж хэлэх дуртай С.Саруул-Амьдрал зорилгодоо хүрэхийн тулд 2010 онд “Их засаг” их сургуульд элсжээ. Эгч нь сурах боломжтой байсан ч дүүгээ их сургуульд оруулахыг илүүд үзсэн байна. Барилгын ажил хийж, зах дээр хүмүүсийн ачаа барааг зөөж олсон мөнгөөрөө тэрбээр сургалтын төлбөрөө төлсөн аж. Өлдөх, ядрахыг умартан шамдан суралцсаар сургуулиа амжилттай төгсжээ. Гэхдээ мэргэжлээрээ ажиллахыг урьтал болгосонгүй. Цэргийн алба хааж, үеийн залуусаас суралцахын зэрэгцээ мэддэг зүйлээ хуваалцахыг хүсэж. Тодруулбал, алба хаах хугацаандаа хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалахаар шийдсэн байна. Энэ шийдвэрээ алба хаахыг хүссэн Зэвсэгт хүчний ангийн удирдлагад уламжилжээ. Гэвч санаснаар болсонгүй. “Нэг бол албаа хаа, үгүй бол сур” гэсэн хариу өгсөн аж. Харин Биокомбинат дахь, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Отгон-Ерөөлт түүний саналыг уриалгахан хүлээн авч, “Боломжгүй зүйл үгүй, албаа л сайн хааж байвал сурахад асуудалгүй” гэжээ. Мөн штабын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэпил түүнд тусалж дэмждэг байсанд одоо ч талархдаг. С.Саруул-Амьдрал тус ангид гурван жил гэрээт цэргийн алба хаажээ. Энэ хугацаанд алба хаахын зэрэгцээ мэргэжлээрээ ажилласан байна. Тухайлбал, цэргийн гэмт хэргээс сэргийлэх болон сэтгэл зүйн зөвлөгөө, өөрийгөө хөгжүүлэх талаар офицер, ахлагч, байлдагч нарт сургалт явуулдаг байжээ. Мөн хууль зүйн зөвлөгөө өгч, армийн соёл, хүмүүжлийн зааварлагчийн туслахын орон тоонд ажиллав. Бямба гараг бүрт хичээллэсээр магистрын зэргээ ч хамгаалав. Цалингаа хурааж байгаад хоёр жилийн сургалтын төлбөр болох 2.5 сая төгрөгийг төлжээ. Гэрээт цэргийн алба хаагч төрийн тусгай албан тушаалын хамгийн доод зэрэглэлээр нь цалинждаг билээ. Түүнчлэн С.Саруул-Амьдрал цэргийн алба хаасан гурван жилээ үр бүтээлтэй өнгөрүүлж, В, С ангиллын жолооч болоод ч амжиж. Бие бялдраа хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлний мэдлэгээ ч ахиулсан байна.
ЭЭЖИЙГЭЭ ХОЁР ЖИЛ АСАРЧ, ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОЖЭЭ
2016 оны есдүгээр сард Өмнөд Судан улс руу явж, энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломж С.Саруул-Амьдралд тохиожээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн тэрбээр цэрэг, цагдаа, зэвсэгт хүчний шилдэг залуустай мөр зэрэгцэн хилийн дээс алхав. “Биднийг очдог жил иргэний дайн хурцадмал байсан. Байнга л буун дуу сонсогдож, өдөрт хэдэн зуун хүн буудуулж, олзлогдож, өлсгөлөнгөөр үхэж байлаа. Монгол цэргүүд нэр хүнд сайтай байсан. Нэг хүн л алдаа гаргавал 850-иулаа шийтгүүлдэг байв. Бид албаа амжилттай, нэр төртэй хаагаад ирсэн ч хэд нь өвчтэй болж, хэдийнх нь ар гэрт үхэл хагацал тохиолдсоныг хэлж мэдэхгүй” хэмээн С.Саруул-Амьдрал ярьсан. Түүнийг гэртээ ирэхэд ээж, эгч хоёр нь зам, тээврийн осолд өртөн, эгч нь газар дээрээ амиа алдаж, ээж нь маш хүнд гэмтсэн байв. Ганц дүү нь архины хамааралтай болсон байж. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан нисэх онгоцны буудалд С.Саруул-Амьдралыг ар гэрээс нь ганц ч хүн тосоогүйн учир энэ. Явахдаа ээж, эгч, дүүгээрээ үдүүлсэн ч ирэхэд нь хэн ч байсангүй. Хүний нутагт алба хааж буй хүүгийнхээ сэтгэлийг зовоохгүй гэсэндээ ээж нь ослын талаар нэг ч үг цухуйлгаагүй байж. Золгүй энэ явдал түүнийг ирэхээс гурван сарын өмнө болжээ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож олсон 30 гаруй сая төгрөгөө орон сууцын урьдчилгаа төлбөрт өгч, байртай болно гэж төлөвлөсөн нь талаар өнгөрөв. Тэрбээр хэвтэрт орсон ээжийгээ хөл дээр нь босгох, сэтгэлийн зовлонгоо архиар “тайлж” яваа дүүгээ зөв замд оруулахын төлөө зүтгэв. Олсон бүх мөнгөө ээжийнхээ эмчилгээнд зарцуулж, дулаан, тухтай орчинд амьдруулахын тулд байр түрээсэлсэн байна.
“АМЬДРАЛАА БУСДЫН ТӨЛӨӨ ЗОРИУЛАХЫГ ХҮСДЭГ”
Мэргэжлээрээ ажиллах боломж байсан ч түр хойш тавьж, ээжийгээ хоёр жил асарсны хүчинд хөл дээр нь босгов. Ээж нь таяг тулаад явж чаддаг болсон учир С.Саруул-Амьдрал хуульчийн эрхийн шалгалтад бэлдэж эхэлсэн байна. Өдгөө тэрбээр цэрэг, цагдаагийн болон хорих анги, төрийн бус байгууллагуудад мэргэжлийнхээ дагуу сургалт явуулж, хууль зүйн зөвлөгөө өгдөг гэнэ. Мөн иргэний хэрэгт итгэмжлэгчээр, эрүүгийн хэрэгт хохирогчдын хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралд оролцдог юм байна. С.Саруул-Амьдрал хийх ажлаа үргэлж төлөвлөдөг аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэр бүл, сэтгэл зүйн чиглэлээр сургалт явуулах хэмээн төлөвлөгөөнийхөө эхэнд тэмдэглэсэн байв. Тэрбээр “Өмгөөлөгч хүн худлыг үнэн, үнэнийг худал болгож чаддаг. Тиймээс шударгаар ажиллахад амаргүй. Энэ нь миний итгэл үнэмшилтэй ч харшилж магадгүй. Харин прокурор бол зөв, бурууг дэнслэгч. Тиймээс л би прокурор болох хүсэлтэй” хэмээсэн. Хүн хичээвэл боломжгүй зүйл үгүй гэдэгт итгэдэг тэрбээр уйдах, сэтгэлээр унах завдалгүй ажилладаг гэнэ. Англи, солонгос хэлнийхээ мэдлэгийг ахиулах, хуульчийн эрхийн шалгалтдаа бэлдэхийн зэрэгцээ таксины үйлчилгээ эрхэлдэг байна. Саяхан тэрбээр Увс аймагт очиж, бэр гуйж, дүүдээ өргөө цагаан гэр барьж өгчээ.
Тэрбээр хүүхэд байхдаа Ерөнхийлөгч болохыг мөрөөддөг байжээ. Энэхүү мөрөөдөл тань биелж Ерөнхийлөгч болбол хамгийн эхэнд юу хийх вэ гэхэд “Би өөртөө дайсан нэмэхгүй, хэн нэгэнд гай болохгүй мөрөөрөө амьдарч болно. Гэхдээ ганц олдох амьдралаа бусдын төлөө зориулахыг хүсдэг. Хэрэв Ерөнхийлөгч болбол гэр бүл, хувь хүний хөгжилд илүү анхаарна. Ажил хаа сайгүй байхад хүмүүс яагаад ядуу амьдарч байна вэ. Залуус сэтгэл зүйн гүн хямралд орчихсон, зарим нь амьдрах зорилгогүй болжээ. Манай улсад өдөрт дунджаар 10 гэр бүл салж байна. Шүүхийн бус журмаар ч олон гэр бүл салж байгаа. Үүний цаана салахаар шийдчихсэн гэр бүл ч цөөнгүй. Манай улс хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь гэр бүл салалт, ажилгүйдэл, архидалт. Би эмэгтэйчүүдийн хорих ангид хэд хэдэн удаа сургалт явуулсан. Тэд ихэвчлэн хоёр шалтгааны улмаас л шоронд хоригдсон байдаг. Нэг нь залилан, нөгөө нь хүн амины хэрэг. Гэр бүлийн хүчирхийллийг тэвчихгүй, өөрийгөө хамгаалахын тулд нөхрөө егүүтгэсэн эмэгтэй олон байдаг” гэсэн юм. Хүнд хүчир амьдралыг сөрж, өдий зэрэгт хүрсэн С.Саруул-Амьдралыг саруул сайхан амьдрал хүлээж буй биз. Түүнд зорилго бий учраас элдэв зовлон тоочилгүй, зөвхөн урагшаа харж, тэмүүлж амьдарч байна. Залуу хүний замын хүзүү урт гэдэг дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болохыг ч хэн үгүйсгэх билээ.