Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэнд хариуцлага тооцох шаардлагыг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон хотын удирдлагад хүргүүлжээ. “ЛГБТ төв” төрийн бус байгууллагаас “Тэгш эрх, бахархлын өдрүүд” кампанит ажлынхаа хүрээнд нийтийн тээврийн 18 автобусанд зохих журмын дагуу сурталчилгааны зурагт хуудсаа байрлуулжээ. Гэтэл Б.Одсүрэн олон нийтийн сүлжээгээр бэлгийн цөөнхийг илт гадуурхсан мэдээлэл түгээж, автобусанд байрлуулсан зурагт хуудаснуудыг хуулж авснаа мэдэгдсэн юм. Мөн солонгын өнгөтэй, хүүхдийн тоглоомыг бэлгийн цөөнхийг сурталчилсан агуулгатай хэмээн цахим хуудсандаа бичсэн. Үүнээс болж цөөнгүй хүн “ЛГБТ төв”-ийнхнийг ялгаварлан гадуурхсан бөгөөд заналхийлсэн тохиолдол ч гарчээ. Б.Одсүрэнгийн эдгээр үйлдэл нь Үндсэн хуульд заасан хүний ялгаварлан гадуурхалтаас ангид, халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтой зөрчсөн гэх мэдээллийг уг төвөөс ХЭҮК-т хүргүүлсэн байна. Үүний дагуу тус комиссоос нийслэлийн Засаг даргад хандан хүний эрх зөрчсөн үйлдлийнхээ төлөө нэн даруй уучлал гуйхыг Б.Одсүрэнд даалгахыг шаардлаа. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчдад хүний эрх, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар танилцуулах, “ЛГБТ төв” төрийн бус байгууллагад учруулсан хохирлыг төлүүлэхийг шаарджээ. Түүнчлэн шаардлагын мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар 30 хоногийн дотор хариу ирүүлэхийг хүссэн байна.