АНУ-ын Индианагийн их сургуулийн харьяа “Херрон” урлаг, дизайны сургуульд уран бүтээлч Ё.Төгөлдөрийн бие даасан үзэсгэлэнг өнгөрсөн баасан гарагт нээв. Монголын эртний тууль “Хан Харангуй”-д тулгуурласан, уран зураг, баримал, гэрэл зураг, дижитал хэвлэл зэрэг дүрслэлийн орчин үеийн хэлбэрүүдээр илэрхийлсэн, контемпорари урлагийн үзэсгэлэн гэдгээрээ энэ нь онцлог байлаа. Куратор нь урлаг судлалын ухааны доктор, “Херрон” сургуулийн захирал Ц.Уранчимэг аж. Тэд үзэсгэлэнгийн нээлтийн үеэр бүтээлүүдийг хамтран тайлбарласныг нь цахимаар шууд дамжуулсан. Тиймээс Монгол, АНУ төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт буй орчин үеийн дүрслэх урлаг сонирхогчид үзэж сонирхсон юм. Тус улс дахь “Монгол нийгэмлэг”-ийн 60 жилийн ойн хүрээнд уг үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд антропологич, профессор Б.Мандухай илтгэл тавьсныг мөн олон нийтэд шууд хүргэв. Контемпорари урлагийн үзэсгэлэн энэ намаржин гарах тул биечлэн очиж, эсвэл цахимаар үзэх боломжтой ажээ.
Бэлтгэсэн Р.Жаргал