Үндэсний соёл, амралтын хүрээлэнд өнгөрсөн баасан гарагт эхэлж, өчигдөр өндөрлөсөн “Цахим үндэстэн” арга хэмжээ хөл тавих зайгүй шахам боллоо. Дарга нар тайзан дээр зай барин сууцгааж, харин доор нь иргэд зөрөх зайгүй болтлоо бөөгнөрөн зогссон байв. Цар тахлын үед, ялангуяа коронавирусийн дельта хэлбэр өргөн хүрээнд тархаж, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахыг УОК-оос хориглосон атал төр, засгаас “Цахим үндэстэн” арга хэмжээг санаачлан, цөөнгүй хүн нэг дор цуглуулсан нь иргэдийн дургүйцлийг хүргэв. Үйлчилгээний газрууд, аж ахуйн нэгжүүддээ цагийн хязгаарлалт тогтоож, танхимынхаа 50 хувийг ашиглан үйл ажиллагаа явуулах шаардлагатай, эс бөгөөс хариуцлага тооцно хэмээн дарамталдаг төр, засаг өөрсдөө үүнийгээ биелүүлсэнгүй.
Улсын онцгой комиссоос уг арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрлийг өнгөрсөн наймдугаар сарын 27-нд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт олгожээ. Харин үүний дараа буюу энэ сарын 1-нд нийслэлийн Онцгой комиссоос уг арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн байна. Тус хоёр байгууллагын шийдвэр зөрчилдөж, улмаар Ерөнхий сайдаасаа авхуулаад Засгийн газрын болон УИХ-ын гишүүд, холбогдох бусад албаныхан ч нийслэлийн Онцгой комиссын шаардлагыг үл тоон, “Цахим үндэстэн”-д оролцлоо. “Иргэдийн буруугаас л болж халдвар тархаад байна” гэж байнга шахам загнадаг албаныхан өөрсдөө халдвар хамгааллын дэглэмийг уландаа гишгэв. “Цахим үндэстэн” хэмээн тодотгосон уг арга хэмжээгээ цахимаар зохион байгуулж ч чадсангүй. Үүний төлөө хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэт ухаарсан мэт өчигдөр “Гадаа талбайд зохион байгуулах арга хэмжээг дэмжиж байгаа. Одоо хэдүүлээ цар тахалтай нүүр тулж, дасан зохицож, бизнесээ бодохоос өөр сонголтгүй” хэмээн мэдэгдсэн нь тухайн нөхцөлд тохируулан өөрсдийгөө хамгаалж, бусад байгууллагынхаа шийдвэрийг уландаа гишгэдгээ ил тод зарлав.
Бэлтгэсэн Ч.Зул