2012 онд америкчууд Барак Обамад дахин итгэл өгч, Ерөнхийлөгчөөрөө сонгосон билээ. Түүний ялалтад баяр хүргэсэн хүмүүс гудамжаар жагсаж явахдаа “Обама, Обама” хэмээн хашхирч байх зуур Ардчилсан намынхан дунд нь “Обама, “Чингис хаан Ганболд” гэсэн хоёр нэрийг ээлжлэн хэлж, хүч нэмж байсан гэдэг. Сонгуулийн кампанит ажлын үед нэр дэвшигчийг олон нийтэд хүлээн зөвшөөртөл таниулах нь ур чадвар сайтай, өндөр мэдрэмжтэй ажилтнуудаас бүрдсэн мэргэжлийн багийнхны үүрэг юм. Тэдний ажлын үр дүн нь ялалт, эсвэл ялагдлаар хэмжигддэг. АНУ-ын Ерөнхийлөгчөөр 2008-2012 онд нэр хүндтэй ажилласан Барак Обамаг Ардчилсан намынхан тухайн сонгуульд хоёр дахиа өрсөлдүүлсэн бөгөөд сурталчилгааны баг нь мундаг байсныг улс төрийн ажиглагчид тэмдэглэсэн нь бий.
Кампанит ажлын багийн гишүүд Б.Обамаг сонгуульд дахин ялуулах түүхэн онцлог бүхий, чадал чансаа шаардсан амаргүй сорилттой тулгарсан нь мэдээж. Энэ багийн нэгэн гишүүн нь дизайнер Ч.Ганболд байлаа. Сонгуулийн кампанит ажлын явцад тэрбээр Ерөнхийлөгч Б.Обамагийн, дэлхийн хүмүүсийн танил болсон, график аргаар бүтээсэн хөргийг нь зурсан юм билээ. Хүчирхэг гүрний Төрийн тэргүүнээр дөрвөн жил, тэр тусмаа амжилттай ажилласан ардчилагчийн хөргийг, дараагийн дөрвөн жилд өмнөхөөс дутахгүй үр дүнд хүртэл зүтгэх юм байна гэсэн итгэл төртөл нь зурж, туурвих нь авьяас, ур чадварын зэрэгцээ мэдлэг, мэдээлэл, мэдрэмж ихээхэн шаардсан ажил байсан болов уу. Дурын уран бүтээлчийн хийх ажил биш байсан ч юм бил үү.
Тухайн үед энэ тухай цухас дуулахдаа Ч.Ганболдыг АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажилладаг хэмээн ойлгосон юм. Гэтэл тэрбээр сурталчилгааны мэргэшсэн байгууллагын ажилтан байсан юм санж. Одоогоос 10 гаруй жилийн өмнө, байгуулагдаад удаагүй компанийн зургаа дахь ажилтан нь дизайнер Ч.Ганболд болж байжээ. Харин өдгөө ажиллагсдынх нь тоо 200 хол давжээ. Ч.Ганболд АНУ-ын Ардчилсан намынхантай 10 гаруй жилийн турш хамтарч ажиллахдаа Виржиниа муж улсын захирагчид нэр дэвшиж, ялсан Терри МкАулайффэ, тус улсын Төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдсөн Хиллари Клинтон, одоогийн Ерөнхийлөгч Жозеф Байденыг ч ялуулахын төлөө баг, хамт олонтойгоо зүтгэжээ. Ерөнхийлөгч Дональд Трампын хөргийг бүтээх хэрэг ч түүнд гарч. Нэр дэвшигч Ж.Байдены сурталчилгаанд ажиллаж байж яагаад өрсөлдөгчийг нь зурах болсон нь сонирхолтой. Өөр хэн нэгэн яг түүнийх шиг зурах аргагүй болтол урлах ёстой болж гэнэ. Санаанд оромгүй тактик шүү. Ийм нэгэн, холын Америк орны “төрд хэрэгтэй зайран” байх нь бас л анхаарал татам. Харин энэ өөрт нь бол тийм ч гайхамшигтай явдал, түүх биш бололтой юм билээ.
Ч.Ганболдоос монголчууд янз бүрийн сэдвээр зөвлөгөө авдаг. Тэрбээр болж өгвөл хариулахыг хичээдэг. Нэг удаа Америкт, ер нь хаана ч боломжийн ажил хэрхэн олох тухай санаа хэлэхдээ өөрөө ямар зам туулснаа сонирхуулсан. График зураг, “зураг амилуулах” буюу хөдөлгөөнт хүүхэлдэйн төрөл, хөдөлгөөний график зэргээр мэргэшсэн дизайнер бөгөөд энэ чиглэлээр 2000 оноос хойш сурч, ажиллаж буй. Хүний газарт гадаад, тэр дундаа англи хэлний мэдлэг муутай үедээ ажил олох гэж хичээхдээ тэрбээр өөрийгөө их л голдог байжээ. Гэхдээ хичээл зүтгэлийн үрээр санаандаа тохирсон ажил олсон аж. “Ер нь өөрийгөө голохгүй байх нь хамгийн чухал гэдгийг ойлгосон” гэж Ч.Ганболд хэлсэн юм.
Америкт очоод тэрбээр голдуу гэрээсээ ажилладаг байснаа 2004 онд байнгын ажилтай болохоор шийджээ. Ингээд нэлээд хэдэн байгууллага руу зарын дагуу танилцуулгаа явуулсан юм билээ. Хоёр, гурван сар хүлээсэн ч хариу ирсэнгүй гэнэ. Аргаа бараад гэнэт “Ер нь өөрөө ажил олгогч болон зар тавьж, судлах хэрэгтэй юм биш үү” гэж боджээ. Өөрийнхөө мэргэжлийн дагуу ажил олгогч болон “жүжиглэж”, зар түгээтэл дорхноо л Америкийн төдийгүй гадаадын олон хүний захидалд “булагдсан” байна. Тэр бүхнийг уншиж, судалж, санаа авч байгаад сайжруулж бичсэн танилцуулгаа хэд хэдэн компанид явуулснаар удалгүй ажилд орсон аж.
Түүнчлэн тэрбээр хэсэг хугацаанд үндсэн ажлынхаа зэрэгцээ орлогоо нэмэгдүүлэх өөр нэгэн ажил ч эрхэлж байв. 2011 онд “Nest” хэмээх нэртэй, гэрийн болон албан тасалгааны дулааны хэм тохируулагч төхөөрөмж худалдаанд гарч л дээ. Ч.Ганболдынх үүнийг гэртээ авч ашиглатал ажиллагаа үнэхээр сайтай, ухаалаг эд байж гэнэ. Гэтэл уг төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэгч компани нь санаагаа ихэд тааруу гаргасан сурталчилгааг цахимаар “цацаж” байжээ. Ингээд Ч.Ганболд уг бүтээгдэхүүний сурталчилгааны баннерыг хийж, танилцуулгатайгаа өнөөх компани руу илгээжээ. Тус компанийнхан тун удалгүй ажлын гэрээ байгуулах санал тавьсан аж. Удалгүй “Nest”-ийн үйл ажиллагааны цараа ч тэлж, брэнд нь ч олны танил болжээ.
Ч.Ганболд, түүний гэргий Дариа нар Монгол Улсын Дүрслэх урлагийн дээд сургуулийн төгсөгчид. Дараа нь Дариа Бээжингийн Урлагийн академид суралцаж дүүргэсэн. 2003 онд “Датаком” компанийн datacom. mn вэб сайтыг бүтээсэн шигээ суусан дизайнер залуу амьдралдаа огцом өөрчлөлт хийхээр шийдэн Америк орныг зорьсон бөгөөд эхэн үедээ ажил хэрхэн олсныг дээр өгүүлсэн. Ч.Ганболд, Дариа нар Америкт 3D анимэйшн болон график дизайны чиглэлээр хамтдаа суралцжээ. Дариа дизайны өөр компанид ажилладаг. Гэхдээ сонгуулийн кампанит ажлын үеэр юм уу, ачаалал ихтэй тохиолдолд Ч.Ганболдын ажилладаг байгууллагын гэрээт дизайнер болдог аж. Тэрбээр сүүлийн найман жил ийм маягаар ажиллажээ.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийг тодруулах ажилд, Ж.Байден болон Камала Харрис нарын сонгуулийн кампанит ажлын сүүлчийн саруудад Дариа гар бие оролцсон юм билээ. Сонгогчдын олонхын саналаар АНУ-ын Ерөнхийлөгчөөр Ж.Байден сонгогдож, олон сарын хүч, хөдөлмөр, ур чадвараа зориулсан ажил нь ялалтаар өндөрлөсөнд Ч.Ганболд, Дариа нар бие биедээ баяр хүргэсэн нь 2020 оны арваннэгдүгээр сар байв. Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсад “Ковид-19”-ийн тархалт дээд цэгтээ тулсан байсан тул шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг цөөн хүний хүрээнд зохион байгуулахдаа манай хоёр дизайнерыг урьсан юм билээ. Тэр үед Ч.Ганболд “Тангараг өргөх ёслолын ажиллагааг хамгаалахаар АНУ-ын Үндэсний гвардын 25 мянган цэрэг Вашингтонд иржээ” хэмээн нийгмийн сүлжээгээр олон нийтэд мэдээлж байсан юм.
Ийм нэгэн уран бүтээлч, бараг л улстөрч, “дэлхийн монгол” залууг уншигчдадаа танилцуулахдаа эргэлзэх юмгүйгээр “Ерөнхийлөгч “үйлдвэрлэгч” хэмээн тодотгосныг минь хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх байх аа. Америкт, нэг бус муж улсад мотоциклд “Монгол” гэсэн сери олгодог юм билээ. Энэ нь манай нийтлэлийн гол баатар Ч.Ганболдын харийн хүчирхэг гүрэнд Монголоо дархалсан “тамга” биш биз. Тэрбээр мотоциклынхоо ард, хамгаалалтын малгайныхаа урд, ер хаана л бол хаана Монгол Улсынхаа Төрийн далбааг дээдлэн залдаг. Гэргийн хамт бусад орноор аялахдаа том гэгчийн хэмжээтэй Төрийн далбаагаа авч явдаг. Египетийн пирамид, Парисын Эйфелийн цамхгийн өмнө ч тэд Төрийн алтан соёмбот далбаагаа хоёр тийш чангаанхан, инээлдэнхэн зургаа авхуулсныг харж болно.
Үндэсний дүрслэх урлагийн сургуулийн уугуул, орчин үеийн урлагийн ухааныг гарамгай эзэмшсэн монгол дизайнер АНУ-ын Ардчилсан намыг дэмжиж, 10 жил ажиллахдаа Ерөнхийлөгчийн гурван удаагийн сонгуулийн сурталчилгааны ажилд байр суурь, нэр хүндтэйгээр оролцоод байна. “Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай, ямар хүнээр мануулснаа эх орон минь та үзээрэй” гэдэг сайхан үгтэй дуу бий. Сэтгэлд эгшиглэж байна.