Ганган байгаль хосолсон, гоёхон намрын өнгө юм хэмээн дуулдагчлан уулын бэл, голын ай, талын энгээр улаан, бор, ногоон, шаргал, алтан шар өнгийн солонго татсан мэт байгаль дэлхий гоёмсгоо гайхуулсан намар цаг. Тэртээд бор, эсвэл улаавтар туяа татаж буй нь уриншийн талбай бол хожуу болцтой тэжээл “нялх” ногоон, болц гүйцсэн хэсэг нь бараавтар ногоон өнгөтэй харагдана. Шаргал, эсвэл бүр алтан шар өнгө цацруулж, боловсорч бөхийсөн түрүү нь иш рүүгээ дохин найгалзах нь улаан буудай. Бас л болцынхоо байдлаас хамаарч тод шар болон цайвар шаргал өнгө алаглуулна. Зах хязгааргүй мэт тариан талбайн баруун захаас зүүн тийш хоёр комбайн хөдлөхийг холоос харан, ирэх замыг нь тосон хүлээсэн нь Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг “Элсэн цаг” компанийн талбай билээ. Комбайн ажил “хийх”-ийг харах урамтай юм. Учир нь комбайны жатканы (есөн метрийн өргөнтэй, тариа хаддаг хэрэгсэл) хоёр талаар хадсан тариа цацагдан, цацагдсаар наашилж, унасан нь намхан нуруу болон хамарлан үлдэх аж. Хааш хаашаа гурван метр орчим хэмжээтэй, өндөр нь ч таван метрээс багагүй, байшин мэт сүрлэг “Vector-410” комбайны жолооч бол сурвалжилгын эхлэлд мөрийг нь эшилсэн “Намрын өнгө” дууг Гавьяат жүжигчин С.Ганзоригийн дуулснаар сонсох дуртайгаа хуучилсан, улсын аварга тариаланч, Б.Пүрэвдорж гуай. Долдугаар анги дүүргэсэн залуу эр, 1974 онд тракторын жолоочийн курс төгссөнөөс хойш ийнхүү 48 дахь намартаа тариан талбайд ажиллаж буй. Тэрбээр “Манай компани энэ жил хоёр мянган га талбайд улаан буудай тарьсан. Зуншлага сайтай, ургац ихтэй энэ жилийнх шиг намар ажил хийх сайхан байлгүй яах вэ, ядрахаа анзаарахгүй зүтгэнэ шүү дээ. Одоогоор улаан буудайн болц алаг цоог байгаагаас ангилан хадаж буй. 600 гаруй га-г ангилан хадаад хэд хоногоос үлдсэнийг нь шууд хадаж эхэлнэ” гэв. Тэрбээр комбайн руугаа бахдан харангаа “Ийм сайхан техникээр ажил хийж ядах юм алга. Жатканы өргөн нь бараг 10 метр гээд бод доо. Дээр үеийнх чинь үүнээс хоёр дахин богино байлаа. Нас залуу бол их юм хийх сэн. Газар тариалангийн салбарынхан бид хөгширлөө, тариан талбайд залуус ирэх нь цөөрлөө. Цаашид хэн эл ажлыг хийх юм” хэмээн үг дайж байв.
Төв аймгийн Угтаалцайдам сум бол хуучнаар Угтаалын сангийн аж ахуй, манай улсад атар газар эзэмшиж эхэлсэн 1960-аад оноос газар тариалангийн салбарыг хөгжүүлсэн цөм нутаг. Өнгөрсөн онд тус сумынхан нийт таван мянга гаруй тонн төмс, хүнсний ногоо бэлтгэн аймагтаа тэргүүлжээ. Ер нь төмс, хүнсний ногооны нийлүүлэлтээр Жаргалант, Борнуурын дараа улсад гуравдугаарт бичигддэг гэсэн. Харин энэ жил нийт 19 000 га талбайд улаан буудай, төмс, хүнсний ногоо тарьснаас 8300 орчим га-д улаан буудай ногдож буй аж. Ургац хураалтын талаар сурвалжилга бэлтгэхээр өнгөрсөн пүрэв гарагт биднийг очиход аж ахуйн нэгжүүд улаан буудайгаа ангилан хадаж байсан бөгөөд шууд хадан, цайруулж эхлээгүй болохоор үтрэмд ажил ундраагүй байв. Угтаалцайдамын нутаг Тээлийн хөндий хэмээх үржил шимт, хар шороон хөрстэй газарт төмс, хүнсний ногоо тарьдаг аж ахуйн нэгж олон. Тэдний нэг “Жаврай үр” компанийнхан энэ жил төмс, зургаан төрлийн хүнсний ногоог 150 га талбайд тарьжээ. Ургац хураалтын ажлынх нь явц 50 хувиас давсан байв. Ийм хэмжээний талбайд 170-180 хүн ажиллуулбал зохих ч энэ намар Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн 80 албан хаагч, өөрсдийн 20 гаруй ажилчныг дайчилжээ. Техникээр сэндийлж гаргасан төмс, сонгино, манжин, байцай зэргийг цэргүүд, ажилчид уутлан, хураах хэсэгт зөөн хүргэж, ангилдаг. Тус компанийн 20 гаруй хүний зарим нь байнгын, зарим нь гэрээт ажилчин гэсэн. Олонх нь нас тогтсон буюу барагцаалбал 50-иас дээш насны эмэгтэйчүүд харагдсан. Тэд нэг өдөрт найман цаг ажиллан, 30 000 төгрөгийн цалин авах гэрээ байгуулжээ. Харин цэргүүд хэдэн төгрөгийн цалинтай нь “төрийн нууц”. Цэргүүдийг гурван хэсэг болгон энд, тэнд ажиллуулж буй бололтой. Лууван ууталж байсан 20-иод цэргийн хоёр нь ноцолдон, залуус инээлдэхэд ахлагч нь “Битгий ноцолдоод бай, амны хаалтаа зүүцгээ, ийм халуунд наад зузаан хүрмээ тайлаач” хэмээн хашхирав. Коронавирусийн тархалттай холбоотойгоор ногооны талбай дахь хүмүүс рүү дөхөж очихгүй, яриа өдөхгүй байхыг сануулж, бид ч зайдуу зогслоо.
Цэргүүд, ажилчид нь тус тусдаа хооллодог юм байна. Хоёр эгнээ, урт ширээн дээр халуун, хүйтэн цай тавьсан том асар нь Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхны гуанз. Залууст тэр өдөр цуйван, гэрийн талх өгөхөөр бэлтгэсэн бол ажилчид ногоотой, гоймонтой хуургаар хооллож байв. Тус компанийн ногооны талбайн орчимд цахилгаан байхгүй (шаардлагатай бол мотор асаадаг), интернэт сүлжээ ч үгүй. Интернэтийн сүлжээ тавиулж болох ч хүмүүс утсаа оролдоод оройтож унтах вий хэмээн болгоомжилжээ. Ер нь ургац хураалтын ажил цаг нартай уралддаг, амаргүй байдаг. Ажилчид эртхэн унтаж амрахгүйгээс маргааш нь ядарч, нойрмоглохоос сэргийлж буй нь энэ. “Орой үдэш цэрэг залуус маань гитар тоглон, дуулж хуурдан хөгжилдөх нь бий. Өдгөө цар тахлын үе учраас бид ажилчид, цэргүүдийг гаднын хүмүүстэй аль болох уулзуулахгүй байлгаж, эрт амраахгүй бол нэг нь л өвдвөл бусдад халдаах, өвчин нь хүндрэх, ажил цалгардах ч аюултай” хэмээн “Жаврай үр”-ийн менежер А.Лхагэрэл учирласан.
Намрын ажлын салшгүй хэсэг бол хадлан. Улаан буудайн үрийг хавар зориуд оройтуулж суулган тэжээл болгодог бол болц нь гүйцээгүй тариаг ч ашиглах боломжтой. Харин байгалийн өвсийг малчид, аж ахуйн нэгжүүд өөрсдийн боломжоор хадаж авна гэсэн үг. Бид төмс, хүнсний ногооны талбайгаас буцахдаа Хар чулуут багийн малчин П.Чинбат хадлангаа хадаж байхтай таарав. Хуучны тракторт преслэгч холбон, өмнө нь хадаж, тармуурдсан өвсөө хурааж яваа нь энэ. Тэднийх 1000 гаруй малтай бөгөөд одоогоор 400 боодол өвс бэлтгэжээ. Тэрбээр “Өвсний гарц ихтэй сайхан жил болж, ажил ч ундарч байна даа. Өвс преслэгч төхөөрөмжийг би 10 сая төгрөгөөр худалдан авч, “монголчилсон”. Энэ намар 20 га талбайд өвс хадахаар төлөвлөн, ажлынхаа талыг нугаллаа. Хадсан өвс илүү гарвал борлуулахад ядах юмгүй” гэв. Түүний тракторын чиргүүл дээр дүү охин нь суугаад, преслэгдсэн 25 орчим кг жинтэй өвсийг түүртэлгүй тосон авч, чиргүүлийнхээ хойд хэсгээс эхлэн өрөх нь бяртай, ажилсаг бүсгүй гэдгийг нь илтгэнэ. Тэд хадлангийн талбайдаа жижиг гэр барьж, хадсан өвсөө гэрээсээ хэд дахин өндөр, том хэмжээтэй болтол нь дөрвөлжлөн өржээ. П.Чинбатын хадлангийн талбайгаас холгүй нэгэн эр БНХАУ-ын “пад пад” тракторт хадуур, тармуур залган, жалганы өвс хадаж байв. Жижиг хэмжээтэй ч дуу ихтэй тэр тракторын хадаж, тарамсан газар нь ногоорон үлдэж, зуны, шинэ ногооны үнэр ханхлах нь байгаль эх юутай баян, бас өгөөмөр, хүний хэрэгцээ дуусашгүй юм гэсэн бодол төрүүллээ.
Манай улсад атар газар эзэмшсэн 60 жилийн хугацаанд 29 сая тонн улаан буудай хураажээ. Төмс, хүнсний ногоо, бусад таримлын хэмжээг оролцуулбал үүнээс их тоо гарах нь бахдам. Газар тариалангийн бүсийнхэн, малчид намрын эл өдрүүдэд уйгагүй хөдөлмөрлөн, ургадаг алт, аминдэм болох улаан буудай, төмс, хүнсний ногоо буюу “бидний хоол”-ыг бэлтгэж байна. Харин газар тариалангийн салбарт ажиллах хүн, хүч хомсодсоор байгааг цөөнгүй хүн дурдсан. Угтаалцайдам сумын агрономич Д.Долгормаа “Манай сум 2000 орчим иргэнтэй. Ажилсаг шаавай, газрынхаа өгөөжийг хүртэн сайхан амьдарч буй нь байхад анхиагүй улс олон болж. Өдрийн 30-40 мянган төгрөгийн цалингаар ногоо хураалтад ажиллах найман хүн олж чадсангүй. Би гэхэд агрономич, хөдөө аж ахуйн тасгийн ажилтнаар 40 орчим жил ажиллалаа. Миний, бидний ажлыг үргэлжлүүлэх залуу үе хаана байна вэ” хэмээн шүүрс алдсан. Ташрамд дурдахад, энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, төмс, хүнсний ногоо хураах бөгөөд өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт таримлын 80 орчим хувь нь технологийн хугацаанд болц гүйцсэнийг салбарын яамнаас мэдээллээ.