Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд АИ-95 бензиний үнийг литр тутамд нь 200-300 төгрөгөөр нэмэв. Тодруулбал, өнгөрсөн бямба гаргаас “Петровис” компани АИ-95-ыг 2650-иар борлуулж эхэлсэн нь 300 төгрөгөөр нэмэгдсэн дүн аж. Харин Чингэлтэй дүүрэг дэх Баянбүрдийн тойргийн ойролцоох “Тэс петролиум”, “М ойл” компанийн шатахуун түгээх станцуудад АИ-95-ыг өчигдөр худалдсангүй, түгээгчид нь “Агуулахаас бүтээгдэхүүнээ татан авч амжаагүй” гэв. Өнгөрсөн наймдугаар сард АИ-92 бензиний үнийг хоёр удаа нийт 600 төгрөгөөр өсгөн, нэг литр нь өдгөө 2050 төгрөг болсныг Ашигт малтмал, газрын тосны газраас дэлхийн зах зээл дэх түүхий тос болон ОХУ-ын хилийн үнэ өссөнтэй холбон тайлбарласан. Түүнчлэн хамгийн сүүлд буюу өнгөрсөн пүрэв гарагт дээрх газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Шатахууны ханшийг ахин нэмэх шалтгаан байхгүй, хомсдол ч үүсэхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Ташрамд дурдахад, “Супер компанийн “Super-92” ШТС-д өчигдөр литр АИ- 92-ыг 2010 төгрөгөөр борлуулж байсан нь бусад станцынхаас 40-өөр хямд байв. Тэнд үйлчлүүлэгчид урт дараалал үүсгэсэн байлаа.
Бэлтгэсэн С.Дулам