Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор АНУ-ыг зорилоо. Тэрбээр тус чуулганы ерөнхий санал, шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэлнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх юм. Төрийн тэргүүн НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Х.Фортой өнгөрсөн баасан гарагт цахим уулзалт хийснээр эл чуулганы хүрээнд төлөвлөсөн ажил нь эхлэв. Цар тахлын улмаас өмнөх чуулган цахим хэлбэрээр болсон бол энэ удаа 71 орны Ерөнхийлөгч, 34 улсын Ерөнхий сайд биечлэн оролцож буй. Ташрамд дурдахад, УИХ-ын дарга Г.Занданшатар мөн АНУ-д ажлын айлчлал хийж буй бөгөөд тэрбээр Сан-Франциско хотноо Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолдтой уулзаж, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд зочлов. Мөн “Apple” компанийн үйл ажиллагаатай танилцжээ.
Ерөнхийлөгч АНУ-ыг зорихоосоо өмнө Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд цахимаар оролцож, үг хэлсэн бөгөөд Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо зохион байгуулахад бэлэн байгааг мэдэгдэв. Тус уулзалтад Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр оролцсон юм. Тэрбээр Тажикистаны Ерөнхий сайд Кохир Расулзода, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нартай уулзжээ.
Бэлтгэсэн Б.Уран