Коронавирусийн дельта хэлбэр манай улсад бүртгэгдсэнийг өнгөрсөн долдугаар сарын 1-нд Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдсэн билээ. Түүнээс хойш халдварын тархалт хурдацтай хүрээгээ тэлсээр байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн тохиолдлуудын 60-70 хувь буюу гурван хүн тутмын хоёр нь дельтагаар халдварласан байжээ. Сарын өмнө гурван хүн тутмын нэгээс нь дельта хэлбэр илэрч байсныг албаныхан мэдээлж байв. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 13-19-нд 19 727 иргэн “Ковид-19”-өөр өвчилж, үүний улмаас 72 хүн нас барсан байна.
Дэлхий дахинд одоогоор 180 улсад дельта хэлбэр бүртгэгджээ. Үүнээс Британи, АНУ зэрэг 11 улсад тархалт хамгийн өндөр буюу 100 000 хүн тутмын багадаа 300 нь дельта хэлбэрийн халдвар авсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Үүнд Монгол Улс багтаж буй юм. Хоруу чанар өндөр, хурдан халдварладаг гэдгээрээ аюултайд тооцогдож буй дельта хэлбэр цаашид ч нэмэгдэх хандлагатайг ЭМЯ-наас анхаарууллаа. Ялангуяа коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй хүн ам, түүний дотор нэг хүртэлх насны хүүхдүүд халдвар авсан тохиолдолд биеийн байдал хүндрэх эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэм сайн сахихыг эцэг, эхчүүдэд зөвлөв.
Бэлтгэсэн М.Оч