ОNDO буюу “Ай эн мобайл нэтворк” компани үүрэн телефоны тав дахь оператороор үйл ажиллагаа эхлүүлэх тусгай зөвшөөрөл авснаа өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Тус компанийнхан харилцаа холбооны технологийг бусад салбарын техник, технологи, хиймэл оюун ухаантай хослуулан, хамгийн бага зардлаар, хямд өртөгтэй, дэвшилт бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгох гэнэ. Мөн “Super net” интернэтийн төхөөрөмж нэвтрүүлсэн бөгөөд нэг гегабайт дата багцынх нь үнэ бусад компанийнхаас хямд аж. ОNDO нь энэ онд багтаан гар утасны дугаараа борлуулж эхлэх бөгөөд аль төрлийн утсанд тохирох, ямар үнэтэй бүтээгдэхүүн гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа гэв. Манай улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож буй энэ онд үүрэн холбооны шинэ оператор ийнхүү мэндлэх нь. Ташрамд дурдахад, манайд одоогоор ухаалаг утас хэрэглэдэг 3.4 сая гаруй, суурин утас хэрэглэдэг 160 153 иргэн, аж ахуйн нэгж бий гэнэ. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын орлого 2020 онд 1.37 их наяд төгрөгт хүрсэн бол төсөвт төвлөрүүлсэн татвар нь 229.6 тэрбумд хүрчээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ орлого нь 123.8, татварт төлсөн хөрөнгө 10 тэрбум төгрөгөөр өссөн дүн аж.
Бэлтгэсэн С.Цэрэн