2018 оны яг өдийд Улаанбаатар даяар цахилгаан тасарч байв. Төвийн бүсийн эрчим хүчний системийн дийлэнхийг дангаар хангадаг “ДЦС-4”-т гэмтэл гарснаар нийлүүлэлт нь зогсож, “ДЦС-3” ачааллаа даалгүй ажиллагааг нь зогсооход хүрч байлаа. Бас өнгөрсөн долдугаар сарын эхээр нийслэл болон төвийн зарим аймагт 2-5 цаг эрчим хүч хязгаарласныг уншигч та санаж буй биз ээ. Дамжуулах шугамд тугалган цаас тохогдсоноос гэмтэл гарсан гэж салбарын яамнаас нь мэдээлж байв. Уг цахилгаан дамжуулах агаарын шугамын богино залгаа дамжиж явсаар цахилгаан станцыг ч “хөлдөө чирч”, системийг тэг зогсоход хүргэсэн. Улмаар иргэдийн амьдрал, байгууллагын ажил дагаад “унтарсан”.2015 онд нийслэлд мөн л 4-5 цаг цахилгаангүй болж байв. Энэ талаар “Шувуу үүрээ засах гэж төмөр утас зууж яваад богино залгаа үүсгэж систем тэглэсэн. Эрүүгийн хэрэг хаасан шалтгаан нь эзэн холбогдогч нь нас барсан” гэж байлаа. Хоржоонтой хэрэг шүү. Тэгэхээр дамжуулах шугамд элдэв зүйл тохогдохгүй, эзэн холбогдогч болох шувуу дамжуулах шугамаас хол байгаасай гэж залбирч явъя даа. Ер нь манайд эрчим хүч хэзээ ч тасарч мэднэ гэсэн бэлтгэлтэй байхад гэмгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй. Ингэхэд эл салбарын хүчин чадал, найдвартай, аюулгүй ажиллагаа хангалттай юу. Энэ бүгдийг бүрэн бүтэн байлгахад шаардлагатай хөрөнгө оруулалтын өнгөрсөн, одоо, ирээдүй цаг руу өнгийе.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЭЭЛГҮЙ ӨНГӨРСӨН ЦАГ
Түүх сөхвөл, Монгол Улс 1970-аад оноос л эрчим хүчний системтэй болжээ. 110, 220 кВ-ын өндөр хүчдэлийн систем үүсгэгч шугамууд, “ДЦС-3”, “ДЦС-4”-ийг ЗХУ-ын зээлээр барьж, 1980-аад оны эцсээр өнөөгийн дүр төрхөө олсон гэдэг. Монголын эрчим хүчний салбарт тэр үеэс хойш зөвхөн өргөтгөл, шинэчлэлийн ажлууд хийж, нэг ёсондоо “амь тариа”-гаар аргалж ирлээ. Тодруулбал, “ДЦС-4”-ийн анхны зуухыг 1983 онд ашиглалтад оруулснаас хойш стратегийн гэх тодотголтой энэ салбарт шинэ эх үүсвэр (сэргээгдэх эрчим хүчний станцуудыг эс тооцвол) огт бариагүй. Гэвч манайд суурилагдсан болон оргил ачааллыг хаах хүчин чадлаа нэмэх зайлшгүй хэрэгцээ бий. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2018 онд 1117 МВт байсан бол дараа жил нь 1153, өнгөрсөн онд 1300 гаруйд хүрснийг Эрчим хүчний зохицуулах хорооны тайланд дурдсан нь үүнийг батална. Ер нь Монголын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80 МВт-аар өсөж буйг салбарын яамнаас танилцуулсан юм. Товчхондоо, хүчин чадал дутагдаж, хэцүү нөхцөлд орчихоод буй хэрэг.
Монгол Улсын эрчим хүчний салбар 1970- аад оны эхээр томоохон хямралд орж байв. “ДЦС-3”-т осол маш ихээр гардаг байж. Нөгөөтээгүүр, “ДЦС-4”-ийн анхны зуухыг ашиглалтад оруулсан цагаас л нүүрсний тоос бэлтгэх системийн технологийг буруу сонгосноос болж байнга осол гарч байсан аж. Тэр үеийн ЗХУ-ын Салбар хоорондын комисс ч асуудлыг шийдэж чадаагүй гэдэг. Харин зах зээлд шилжих үед Монголд хоёр улс гараа сунгасны ачаар 1990- ээд оны эхэн үеийн хүнд байдлыг давж гарчээ. Тодруулбал, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) “ДЦС-3”, “Дарханы дулааны цахилгаан станц”, Японы Засгийн газар “ДЦС- 4”-т санхүүжилт, тусламж үзүүлж байв. “ДЦС-4”- ийн найман зуухны дөрвийг нь шинэчлэх ажлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхдээ монгол инженерүүдийн санал болгосон шийдлийг нэвтрүүлсэн гэнэ. Дараа нь үлдсэн зуухнуудыг нь шинэчилснээр осол гарахаа больжээ. Сүүлийн жилүүдэд тэнд хэрэгжүүлсэн хоёр төслийн нэг буюу уурын турбинүүдийн удирдлагын системийг шинэчлэх ажлыг мөн л Япон Улсын тусламжтайгаар хийж байв. Дараа нь Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр өнгөрсөн нэгдүгээр сард станцын суурилагдсан хүчин чадлыг 89 МВт-аар өргөтгөсөн. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хийсэн шинэчлэлээс дурдвал 2019 онд “Дарханы дулааны цахилгаан станц”, энэ сарын эхээр “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг тус бүр 35 МВт-аар өргөтгөсөн юм. “ДЦС-3”-ыг өргөтгөхөд 145.4 тэрбум төгрөг зарцуулсны дийлэнх буюу 95 хувийг нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, таван хувийг нь улсын төсвөөс гаргасан аж.
Манай улс “ДЦС-5” барина гэж 30 жил ярилаа. Үүнийг барихаар хэд хэдэн газар шав тавьж байв. Сануулбал, Улиастайд барина гэсэн ч усны хагалбартай гээд больсон. “ДЦС-3”-ын газарт барья гэх яриа гарсан ч төмөр замын хүчин чадал хүрэхгүй гээд бас больж байв. Хонхорт газар зааж өгсөн нь мөн л буруу болж таарсан билээ. Гадаадын орнуудад цахилгаан станц барихад олон шалгуур тавьдаг. Тухайлбал, ОХУ-д стандарт, дүрэм, журам гээд 40 гаруй шалгуур тавьдгийг Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Г.Ёндонгомбо дурдлаа. Шинэ станц барина гэдэг тоглоом биш байтал манайд бол хотын дарга нь “Энд барь” гэчихдэг. Уржнан жил Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнд ОХУ-ын дээрх дүрэм, стандартыг орчуулж өгсөн тэрбээр “Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцэхээс өмнө саналаа өг гэснийх нь дагуу материалыг нь үзэхэд долоон шалтгааны улмаас Хонхорт станц барьж болохгүй байлаа” хэмээн өгүүлэв.
2011 оны есдүгээр сард “ДЦС-5”-ын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар, үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэйгөөр концесс олгох шалгаруулалт зарлаж байв. Үүнээс бүтэн гурван жилийн дараа эл төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан консорциумтай концессын гэрээ байгуулсан. Уг консорциум нь “Жи Ди Эф Суэз” (Франц), “Сожитц” (Япон), “Поско” (Өмнөд Солонгос), “Ньюком” (Монгол) гэсэн бүрэлдэхүүнтэй байсан юм. Эрчим хүчний дэд бүтцийн хөгжүүлэлт, санхүүжилт, ашиглалтын ихээхэн туршлагатай “Жи Ди Эф Суэз” (нэрээ “Engie” болгон өөрчилсөн) нийт хувьцааны 30 хувийг эзэмшинэ гэж Эрчим хүчний яамнаас 2015 оны эцсээр мэдээлж байлаа. Тус компани судалгааны ажилд ихээхэн хөрөнгө зарцуулсан гэдэг. Гэтэл Хонхорт станц барих газар хазгай, өндрийн зөрүү нь долоон метр байж таарсан. Өөрөөр хэлбэл, тохиромжгүй газар зааж өгөөд хөрөнгө оруулагчийг шатаачихсан гэсэн үг. Цахилгаан станц жижиг талбай эзлэхгүй нь мэдээж. Гэтэл дээрх хэмжээний өндрийн зөрүүтэй газрыг тэгшлэхэд багагүй ажил болох нь ойлгомжтой. Бас тэгээд зогсохгүй цэвдэгтэй газар тул үндсэн тоноглолын суурийг 80 гаруй метрийн гүнээс бэхжүүлэх байсан гэдэг. Тэгэхээр тэнд барьсан бол алтаар бүтээсний дайтай, үнэтэй станц болж, хөрөнгө оруулагч хөрөнгөө яаж нөхөх вэ гэсэн асуудалтай тулгарах байлаа. 2015 оны эцсээр Парисын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тунхаг гарангуут гадаадын компаниуд далимдуулаад зугтаасан байх. Товчхондоо, бүтэхгүй юм байна гээд больчихсон болов уу.
Ингээд харахаар Монгол Улс өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбараа зээл, тусламжаар аргалж ирж, зориглоод төсөл хэрэгжүүлээгүй, хувийн хэвшлээр ч хийлгээгүй, бас хөрөнгө оруулагчдыг хашрааж, хөөгөөд явуулчихжээ. Хувийн хэвшлийг оруулахгүй байгаа нь тодорхой бүлэглэлүүдийн дунд “Энэ төслөөс яаж мөнгө салгаж, халаасаа дүүргэх вэ” гэсэн “зодоон” болдогтой холбоотой гэх хүн цөөнгүй. Шинээр байгуулах эх үүсвэрүүдийн төслийг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэвэл улстөржилтгүй, бодит үр дүнд хүрэх давуу талтай, уг нь.
ЭРГЭЖ БУЦСАН ОДОО ЦАГ
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу хэрэгжүүлж буй төслүүдийг харахад БНХАУ, БНСУ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авчээ. Тэгвэл хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэсэн таван төслийн дөрөв нь дулаан хангамж, хуримтлуур, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих бөгөөд дээрх доноруудын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх нь. Эдгээрээс гадна нэг цахилгаан станцын хөрөнгө оруулалт шийдэгдсэн хэмээн салбарын яамнаас мэдээлсэн юм. Тэр нь Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц барих төсөл бөгөөд санхүүжилтийнх нь 95 хувийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, таван хувийг нь улсын төсвөөс гаргана гэж байлаа. Уг УЦС-ыг ашиглалтад оруулбал Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний хэрэглээг хойд хөршөөс хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломжтой гэсэн тооцоо бий. 2021-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн уг төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй өнгөрсөн баасан гарагт гэрээ байгуулсан юм.
Тэгвэл санхүүжилт шаардлагатай долоон төсөл бийг B1 нүүрэн дэх графикаас уншигч та харсан болов уу. Тухайлбал, 450 МВт-ын Тавантолгойн ДЦС барихад шаардлагатай хөрөнгийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани, 70- ыг нь Хөгжлийн банкнаас гаргахаар төлөвлөсөн. Гэтэл тус банкнаас зээл олгохгүй байгаа. Хөгжлийн банкны гурван их наяд төгрөгийн активынх нь 1.3 нь чанаргүй зээл болсон тул шинэчлэх стратеги танилцуулаад буй. Тэгэхээр дээрх станцад зориулж зээл олгоно гэдэг нь эргэлзээтэй. Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар Эрчим хүчний яамныхнаас тодруулахад “Үлдэгдэл санхүүжилтийг Сангийн яамны саналын дагуу төслийн санхүүжилтийн зарчмаар шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, 70 хувийнх нь санхүүжилтэд зориулан зээл авна” гэв. Тус станцын төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгох тендерийг зарлаагүй л байна. Ямартай ч ойрын хугацаанд зарлах гэнэ. Уг нь Засгийн газар, “Оюутолгой” компанийн хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулан байж тус станцын барилгын ажлыг энэ оны долдугаар сарын 1-нээс өмнө эхлүүлэхээр тохиролцсон ч гүйцэтгэгчээ сонгоогүй, санхүүжилтийг нь шийдээгүй хэвээр байна. Дээрх тендерийг “Удахгүй зарлана” гэж байсан нь лав л гурван сарын өмнө юм даг. Тус станцыг ашиглалтад оруулахгүй бол “Оюутолгой” одоогоор жилд 110-120 сая ам.долларын эрчим хүч импортолсон хэвээр байх юм.
Үүнээс гадна 400 МВт-ын Багануурын цахилгаан станц барих төслийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар 2021-2025 онд хэрэгжүүлэх бөгөөд барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр концессын гэрээг шинэчлэн байгуулжээ. Уг концессын гэрээний дагалдах гэрээнүүдийг хийж буй, барилга угсралтын ажлыг нь ирэх оноос эхлүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Тэгвэл “ДЦС-3”-ын хүчин чадлыг 350 МВт-аар өргөтгөхдөө хойд хөршөөс зээл авах аж. Эрчим хүчний салбарын өргөтгөл, шинэчлэлийн төслүүдийн дийлэнхийг ийнхүү гадаадын зээл, тусламжаар л болгож байна, манай улс.
Биднийг ингэж мунгинаж суутал дэлхий даяар нүүрсний цахилгаан станцаас татгалзах болов. Гэвч байгаль орчинд сөрөг нөлөө багатай цахилгаан станц байгуулах боломж бий гэнэ. Азотын давхар исэл бага ялгаруулдаг, хүхрийн давхар ислийг шүүчихдэг, нүүрстөрөгчийн хийг “барьж аваад” газрын гүн рүү шахдаг технологи бий. Нефтийн, эсвэл нүүрсний орд руу нүүрстөрөгчийн хийг шахвал яваандаа сайнаар нөлөөлдөг аж. Дээрх технологийг ашиглавал цахилгаан станц барихад шаардлагатай хөрөнгө оруулалт 4-5 дахин нэмэгдэнэ. Өмнөговьд “Рио тинто”-гийн барих гэж байсан станцыг (дээрх технологиос лав л эхний хоёрыг нь ашиглах байсан) манайх үнэтэй гээд болиулж, өөрөө барина гэсэн ч ажил нь дорвитой урагшилсангүй. Ер нь тодорхой шийдвэр гаргаж чадахгүй, эргэж буцсаар байгаагаас болж цаг хугацаа алдсаар ирлээ.
ЭХ ҮҮСВЭР ЭРЖ БУЙ ИРЭЭДҮЙ ЦАГ
Эрчим хүчний системд хоногийн график гэсэн ойлголт бий. Манайхан үүнийг “хоёр бөхтэй тэмээ” гэж ярьдаг. Өдөр ачаалал ихэссэний дараа бага зэрэг буугаад, 18.00-22.00 цагт эргэн өсдөг. Ачаалал ихсэх энэ үеийн график нь “хоёр бөхтэй тэмээ” шиг харагдана. Хэрэглээ өндөрт цойлох үед “ДЦС-4”-ийн ачааллыг нэмж, хасаж зохицуулж ирэв. Бас ОХУ-аас эрчим хүч импортолдог. Ерөөс манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 80 хувийг дотоодоос хангаж, үлдсэнийг нь импортоор авч буй. Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс эрчим хүч авах хэмжээг нэмэгдүүлэх боломжийг цаашдаа эрэлхийлж болох ч өнөөх “бөх”-ийнх нь тоо олон болчих учраас үүнийг зохицуулахад усан цахилгаан станц хэрэгтэй. Бас нүүрсний давхаргын метан хийд суурилсан станц барьж зохицуулж болно. Ийм нөхцөл бүрдүүлбэл нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ суурилагдсан хүчин чадлын 30, 40 хувьд хүрсэн ч асуудалгүй. Гагцхүү зохицуулах боломж бүрдүүлэх ёстой аж. Тэгвэл Монгол Улс эрчим хүчний салбартаа дотоодоос хөрөнгө оруулах боломж өдгөө алга. Иймээс гадаадын хөрөнгө оруулалт цаашдаа ч хэрэгтэй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сард Японд айлчлан тус улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай уулзах үеэр нүүрсний орд газруудыг түшиглэн устөрөгчийн цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллах талаар санал солилцсон. Ийм станцыг Монголд барих бүрэн боломжтойг Г.Ёндонгомбо хэлж байв. Мөн саяхан Австралийн Элчин сайд устөрөгчийн цахилгаан станц барьж өгье гэсэн аж. Гагцхүү түүний мөрөөр төрийн байгууллагууд хөөцөлдөж, ажлын хэсэг байгуулаад, шат шатанд нь ахиулах ёстой. Энэ ажил одоогоор ахицгүй, манайх ямар хүчин чармайлт гаргаж буй нь тодорхойгүй, таг чиг. Уг нь байгаль орчинд ээлтэй, утаа гаргадаггүй ийм станц баривал манайд хэрэгтэй сэн.
Эг, Шүрэнгийн УЦС-ыг барьж чадна гэсэн өчүүхэн горьдлого эрчим хүчний салбарынханд бий. Эдгээрийг барихыг ОХУ эсэргүүцэж ЮНЕСКО-д гомдол мэдүүлсэн. Байгал нуурыг байгалийн өвд бүртгүүлсэн учир тэд ингэж гомдоллох эрхтэй болсон билээ. Хэрэв монголчууд санаа нэгтэй байсан бол Эгийн голын УЦС-ыг аль эрт барьчих боломжтой байв. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 42 дугаар чуулганаас Монгол, ОХУ-д даалгавар өгсөн юм. Тухайлбал, Эгийн голын УЦС баривал биологийн олон зүйлд ямар нөлөө үзүүлэхийг судлахыг манайд даалгасан хэрэг. Төр, засгаас мөнгө гаргаж, тендер зарлаад, судалгааны ажлыг эхлүүлээд байтал цар тахал дэгдсэнээс шалтгаалж зогсчихоод буй. Учир нь ОХУ-ын нутаг дэвсгэрт очиж судалгаа хийх ёстой бөгөөд хил хаасан тул боломжгүй болж, ажил сунжирчээ. Уг судалгааг хийж дуусгаад ЮНЕСКО-д илгээсний дараа яах ийх нь тодорхой болох биз ээ. Манай улс өнгөрсөн онд 7.14 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэсний 1.2 хувийг л УЦС-аас нийлүүлжээ. Тэгвэл 1.7 тэрбум кВт/цаг эрчим хүч импортолсон байна. ОХУ-аас манайх гэрээний дагуу хамгийн ихдээ 245 МВт эрчим хүч авах учиртай. Гэвч өнгөрсөн долдугаар сард осол гарахад 280 МВт-ыг авсан бол өвлийн ид ачааллын үед дээрх дүнг 345 МВт хүртэл өсгөхөөр зөвшилцөж буй аж. Үүний тулд төвийн эрчим хүчний системийн гол цэгүүд дээр тохиргоо хийхэд зардал гарах нь тодорхой, хамгийн гол нь Оросоос хамаарах хамаарал улам ихсэх нь дээ.
Эргээд харахад, 1970-аад оноос хойш эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нэгдсэн бодлогогүй явж ирсэн нь манай улсын алдаа юм шиг ээ. Одоо ч учраа олж чадахгүй л байна. Хэтрүүлж хэлбэл, аймгийн төвд дулааны станц барих, ДЦС-уудын хүчин чадлыг өргөтгөх зэргээр армаг тармаг төсөл хэрэгжүүлж, дорвитой шийдвэр гаргалгүй өдий хүрч, эргэж буцдаг, яг томоохон бүтээн байгуулалт болохоор алгуурладаг (“ДЦС-5”, Тавантолгойн цахилгаан станц зэргийн жишээ үүнийг бэлхнээ батална) гэмтэй гэлтэй. Ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийг ашиглалтад оруулж чадвал суурилагдсан хүчин чадал 1600 орчим МВт-аар нэмэгдэх хүлээлт бий. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээг хангана гэж үзэж буй юм билээ, салбарын яамныхан. Гагцхүү тэдгээр төслийн хэрэгжилт хэр амжилттай байхыг одоо таашгүй. Шинэ, томоохон төслүүдийн явц яст мэлхийн хурдтай байхад сүүлийн гурван жилд эрчим хүч хэрэглэгчийн тоо жилд дунджаар 2.5 хувиар нэмэгдсэн статистик бийг санахад илүүдэхгүй биз ээ. Харанхуйд гэрэлтүүлдэг салбар өөрөө “харанхуй” байж болохгүй.