Ядуу ардын охин Монголын төр, нийгмийн зүтгэлтэн болж, нийгмийн сайн сайхан, эмэгтэйчүүд, утга зохиол, зохиолчдын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, кино шиг амьдрал туулсныг “Дурсахуй” буландаа нэхэн санах гэж байна. Тэр бол “Нарны дор би мөнх оршино” хэмээн өөрийнх нь тэрлэснээр, өдгөө ч хийсэн бүтээсэн, туурвиж үлдээснээрээ бидний дунд “амьдарсаар” буй С.Удвал ахайтан. Мөн Монголын зохиолчдын эвлэлийг удирдан ажилласан ганц эмэгтэй, Д.Сүхбаатарын одон хүртсэн анхны эмэгтэй удирдагч юм.
С.Удвал 1921 онд буюу Монголд ардын хувьсгал өрнөсөн жил одоогийн Булган аймгийн Дашинчилэн, Гурванбулаг сумын зааг нутаг Лах уулын өвөр Өрхтэй хэмээх газарт төржээ. Гэхдээ тэнд төрснөө бүр сүүлд буюу 50 нас хэвийсэн хойноо мэдсэн гэдэг. Төрсөн нутгаа олоод бууцан дээр нь хөрвөөснөө их л сэтгэл хангалуун ярьдаг байж. 1970-аад оны үед хүүхдүүдээ нутагтаа дагуулан очиж, “Ээжийнх нь унасан газар энэ шүү” гэж зааж өгчээ.
Түүний төрсөн эцэг нь хувьсгалын өмнө бичээч хийдэг асан, Богдхан уул аймгийн “мухар хуруу” хэмээх Чоймбол гэдэг хочтой нэгэн байв. Долоовор хуруугаа нугалж, түргэн бичдэг болохоор нь тэгж нэрлэсэн аж. Харин эх Цэдэн нь эцгээс нь 20 гаруй насаар дүү, бага сургуульд галч, саальчин хийдэг байж. Ардын хувьсгалын дараа С.Удвалын эцэг, эх нь хоёр тийш болж, удалгүй ээж нь Соном гэдэг хүнтэй ханилжээ. Хойт эцэг Соном нь 1932 оны эсэргүү хөдөлгөөнийг дарахад оролцож явсан, сумын дарга нэгэн байлаа. “Миний өвөг эцэг, эмэг эх цөм ядуу малчин ард байсан. Эцгийн аав Цэнд, эх Дунж, эхийн аав Гүндэв, эх Сэрээнэн нар ядуу малчид байжээ. Өвөг эцэг харуулд хөөгдөж байгаад нас барсан. Дунж нь 108 бил үү, 115 ч бил үү, урт насалж маршал Х.Чойбалсангаас бэлэг авч байсан гэдэг” хэмээн С.Удвал ахайтан удам угсааныхаа талаар дурссан нь бий.
Ээж нь түүнийг өнөөгийн Төв аймгийн Лүн сумд нэг, Улаанбаатар хотод мөн нэг жил сургуульд суулгаж, бичиг үсэг таниулсан байна. Харин түүнийг долоо орчим настай байхад нь тэднийх Өмнөговь руу нүүж, төд удалгүй ээж нь өөд болсноор бяцхан С.Удвал хойт эцгийн гар дээр үлджээ. Төдөлгүй хойт эцэг нь эхнэр авч, С.Удвал ч айл айлд зарагдан, гар хөлийнх нь үзүүрт гүйх болов. Харин тэр үед БНМАУ-ын АИХ-ын даргаар 20 шахам жил ажилласан, Хөдөлмөрийн баатар Ж.Самбуутай уулзах хувь тохиосноор охины амьдралд эрс өөрчлөлт гарсан юм билээ. Ж.Самбуу баатар ээжийг нь эртнээс мэддэг байсан юм санж. Энэ тухайгаа “Айлын хонь хариулж явахад Ж.Самбуу гуай намайг машиндаа суулгаад аймгийн төвд авчран, ажил хөдөлмөрийн захтай болгож, түүнээс хойш өөрийн үрээс ялгалгүй өсгөсөн. Хэрвээ би түүнтэй таараагүй бол айлын хаяа бараадсан, өргөмөл, малчин хүүхэд болж, миний амьдрал тэндээ л дуусах байсан” хэмээн С.Удвал дурссан байдаг.
Ж.Самбуу агсан түүнийг тухайн үеийн Халиугчин боролзойн хошуунд авчран, дэргэдээ тал бичээч болгожээ. Тухайн үед С.Удвал 10 нас ч хүрээгүй байж. Богдхан уулын аймгийг 1931 онд шинэчлэн зохион байгуулж, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Өмнөговь аймгийг байгуулахад Ж.Самбуу агсан Өмнөговийн даргаар томилогджээ. Тэр үед С.Удвал охин аймгийн захиргаанд жинхэнэ бичээч болж, улмаар Цэргийн хэлтэс, МАХН-ын хороонд ажиллаж байв. 1937 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ж.Самбууг тохоон томилов. 16 настай С.Удвал тэгэхэд Улаанбаатарт Багшийн сургуульд суралцахаар иржээ. Ирсэн даруйдаа МХЗЭ-ийн даалгавраар Дотоод явдлын яамны гал командад бичээчээр ажиллав. “Жагсаалын сургууль хийж, өвлийн хүйтэнд ус шүршүүлсэн даргар өмд, цамцанд нь мөс бөнжигнөн молцоглож, алхаж гишгэх бүрт шар шархийн дуугардаг нь сонихон байсан. Хотын гудамжийг эзэгнэж, хэдэн уул цуурайтан хангинасан хурдан улаан машинд найзуудтайгаа сууж, сургууль хийж явах цагт амьтны анхаарлыг татаад бахтай ч юм шиг санагддаг сан. Тухайн үед сахилга бат гээч ийм юм байж гэх анхны мэдэгдэхүүнтэй болж эхлэхдээ тэр маань амьдралын минь турш хэрэг болох чухал зүйл гэж үнэндээ ойлгоогүй явжээ” хэмээн хожим дурссан байдаг.
С.Удвал 1941 онд Намын шинэ хүчний сургуульд элсэж, төд удалгүй 1942 оноос Зөвлөлтийн КУТВ буюу Дорно дахины хөдөлмөрчдийн их сургуульд суралцахаар явав. Дайны цаг тул үргэлжийн түгшүүрт байдал, фронтод байгаагаас ялгарах юмгүй хориглолт, хамгаалалтын горимоос болж гадаадын оюутнуудыг өөрсдийнх нь хүсэлтээр нутаг буцааж байлаа. Харин С.Удвал харьж ирэхийг төвдсөнгүй. Гэвч 1943 он гарч, байдал улам хүндрэх үед тэрбээр арга буюу нутаг руугаа буцжээ. Эх орондоо ирээд 20 гаруйхан настай, цэл залуухан бүсгүй Өмнөговь аймгийн захиргаанд томилогдон, “Говийн мэдээ” сонины анхны эрхлэгчээр ажиллах болов. Тэнд ажиллаж байхдаа хань Б.Багаажавтайгаа учирсан аж. Нас сүүдэр 70 шахсан үедээ С.Удвал “Амьдралын хоёр тал гэж байдаг. Нэг нь нийгмийн хөдөлмөр, нөгөө нь гэр бүл. Хариуцлагатай ажил хийж яваа эмэгтэй хүнд энэ их хэцүү. Би ганцхан нийгмийн хөдөлмөрийг голлон сонгож явсан. Тийм учраас нөгөө талдаа их хохирол үзсэн” хэмээн өгүүлж байв.
1946 онд Намын шинэ хүчний сургуулиа дүүргээд С.Удвал Намын төв хэвлэлүүдийн нэгдсэн редакцад Суртал ухуулгын хэлтсийн дарга, “Үнэн” сонины орлогч эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ зохиол бүтээлдээ улам шамдсан байна. Түүнчлэн 1949-1957 онд МАХН-ын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч, Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн даргаар ажиллахын зэрэгцээ “Намын амьдрал” сэтгүүлийг эрхлэн гаргаж байлаа. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв түүнийг Монголын роман, киноны анхны эмэгтэй зохиолч гэж тодорхойлоод зогсохгүй “Эрчүүд голдуу баатартай утга зохиолд эмэгтэйчүүдийг дөвийлгөн дэвшүүлж тавьснаараа шинэчлэлийн чанартай сэтгэлгээг нэвтрүүлсэн” хэмээн үнэлсэн байдаг. Түүний “Ховор хүн” бэсрэг тууж хэвлэгдсэн даруйдаа уншигч олноос өндөр үнэлгээ авч байв. Харин 1950-иад онд “Одгэрэл” нь томоохон хэмжээний бүтээлд тооцогдож байлаа. “Ховор хүн”, “Одгэрэл” зэрэг зохиолоо өөрийн амьдралаас сэдэвлэсэн гэж утга зохиол судлаачид үздэг. “Дүрүүдийнхээ дотоод сэтгэлийн мөн чанарыг илэрхийлэхэд чиглэсэн шинэлэг сэдвийг барьж авч, гүйцэд өгүүлдэг нь С.Удвал зохиолчийн туурвил зүйн онцлог гэж болно. Түүний зохиолуудаар хийсэн “Хүргэн хүү”, “Үер” зэрэг уран сайхны киноны үйл явдал, зөрчил тэмцэл болон тэдгээрт дүрүүдийн өгч буй хариу үйлдлүүд, хувьсал өөрчлөлтийн зангилаа асар нягт сууж өгсөн байдгийг үзэгчид мэднэ. Ингэснээр зохиолын гол баатар яг л бодит хүн мэт танигдаж, үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж чаддаг юм” хэмээн зохиолч Д.Энхболдбаатар өгүүлжээ.
Ардын жүжигчин А.Дашпэлжээ “Надад 1985 онд кинонд тоглох учрал бүрдсэн юм. Үдийн цайны цагаараа театрын шатаар бууж явлаа. Гэтэл хоёрдугаар давхарт ахимагдуу настай эмэгтэй намайг бариад авдаг юм байна. Жигтэйхэн ажигласнаа “Цаашаа, наашаа хараадах” гэж байна. Тэгснээ нүүр хувиргагчаар будуулж, зураг хөрөг аваад л явлаа. Ингэж л С.Удвалын “Намрын халуун өдрүүд” хэмээх кинонд маршал Х.Чойбалсангийн дүрд тоглох болсон юм. Киногоо ч дэлгэцээр гаргалаа. С.Удвал гуай ч ирлээ. Киноны зохиолчоороо магтуулчих санаатай суутал “Би маршалыгаа олжээ” гэснээс өөр юм хэлсэнгүй. Би ч “Ингээд л болчихож байгаа юм байх даа” гэсэн шүү юм бодоод л өнгөрсөн. Харин сүүлд бодоход тэр хамгийн үнэтэй, хамгийн том үнэлгээ байсан юм билээ” хэмээн дурсамж сөхсөн юм. С.Удвал 1976 онд “Чангас зогсоо хоёр”, “Булган хангайн эрдэнэ” зохиолоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 1978 онд “Их хувь заяа” романаараа Төрийн шагнал хүртсэн билээ.
Зөвлөлтөд Коммунист намын дээд сургуулийг 1961 онд дүүргэж ирснээсээ хойш 1974 он хүртэл тэрбээр Монголын зохиолчдын эвлэлийг, 1962-1982 онд Монголын эмэгтэйчүүдийн хороог 20 жил тус тус хавсран удирдсан юм. “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн эрхлэгчээр 16 жил ажилласан Т.Должин гуай дурсамждаа “Тэрбээр ажлаа хүлээж аваад Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийг хуралдуулж “Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа гуай хоцрогдсон Монгол оронд эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулж, эмэгтэйчүүдийн хоцрогдлыг арилгах, гэгээрүүлэх, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах асар их ажил хийсэн том зүтгэлтэн. Түүний удирдаж байсан том байгууллагыг та бид өнөөдөр хүлээн авлаа. Энэ ажлыг Монголын эмэгтэйчүүд, ард түмний сэтгэл санаанд хүртэл хийнэ гэдэг тун хэцүү шүү. Үүнийг бид алхам тутамдаа сайн бодож ажиллах ёстой” гэж билээ” хэмээжээ.
Мөн Монголын эмэгтэйчүүдийн хорооны орлогч дарга асан Б.Хэнмэдэх “С.Удвал гуай бол гадаадад Монголын амьд “нэрийн хуудас” болж байсан. ХХ зууны дунд, сүүлч үеийн дэлхийн алдартай хүмүүс, тухайлбал, Бразилын зохиолч Ж.Амаду, Кубын яруу найрагч Н.Гильен, Чилийн яруу найрагч П.Неруда, Зөвлөлтийн зохиолч К.Симонов, сансрын анхны нисэгч В.Терешкова, Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны анхны ерөнхийлөгч Эжени Коттон нар гээд л түүний танилуудыг дурдаад баршгүй. С.Удвал гуай өөрийн орны өндөр шагналаас гадна энх тайвны төлөө Ж.Кюригийн медальтай эрхэм” гэсэн байдаг. Харин С.Удвал өөрөө “Би эх орон, ард түмэн, сайн нөхдийн дэмжлэг туслалцаатайгаар амаргүй олон өдрийг туулж өнгөрүүлсэн. Энэ дэлхийн олон арван ухаант, суут, сод хүмүүстэй нүүр тулан уулзаж, учирч явахдаа Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах л гэснээс биш, би гэдэг өчүүхэн нэрээ дуурсгах гэж хэзээ ч яваагүй” гэдэг байлаа.
Зохиолчдыг “С.Удвалын хэдэн дэггүй банди нар” гэдэг байж. Ардын уран зохиолч Т.Галсан “Залуучуудад ээж нь, багш нь болдог. Ахмад үеийнхэндээ нэг ангийн хүүхэд шиг дотно сэтгэлээр хандаж, амьдрал ахуй, уран бүтээлд нь тусалдаг. Нийгэм, утга зохиолын их үйл хэрэгт тэднийг бүгдийг нь татан оролцуулж чаддаг агуу хүн байсан” хэмээн дурссан удаатай. “Манай зохиолч нарт суугаад зохиолоо бичих байр бариад өгөөч” гэж түүнийг хэлэхэд Төв хорооны томчууд “Танай тэр зохиолч нар яадаг юм. Архиа ууж байгаад л сааданд модны дор зохиолоо бичнэ биз” гэж. Тухайн үед зүтгэсээр байгаад одоогийн СУИС-ийн ар дахь Монголын зохиолчдын эвлэлийн байрыг бариулчихаад “Би зохиолчдоо орох оромжтой болгочихлоо. Тайван суугаад зохиолоо бичиж байг. Одоо эмэгтэйчүүддээ байр бариулах юм сан” хэмээж байж. Харамсалтай нь тэрбээр энэ хүслээ биелүүлж амжаагүй.
С.Удвал нэг охин, гурван хүүгийн ээж байлаа. Тэрбээр нөхөр Б.Багаажаваасаа 1965 оны үед өрх тусгаарлаж, арав гаруйхан насны хүүхдүүдтэйгээ үлдсэн аж. Харин амьдралынхаа сүүлийн жилүүдийг бэлтгэл хурандаа Г.Доржтой ханилан өнгөрүүлжээ. Түүний ууган хүү Б.Өнөбаатар “Ээж минь дөлгөөхөн, уур уцааргүй хүн байлаа. Ялангуяа зохиол бичихдээ дотогшоогоо болчихно. Хүүхдүүддээ гар хүрч байсангүй. Хааяахан толгойд шууд орохоор хурц үг хэлдэг. Хатуу үг гэдэг хүний тархин дундуур цохиод авахтай адил. Үг хэлэхдээ хатуу, донжтой гэж жигтэйхэн. Тэгсэн атлаа хатуу чанга хүн юм уу гэхээр тийм биш. Хүмүүстэй энгийн л харилцана. Хөдөө их явдаг байсан. Их өглөгч хүн дээ. Очсон айл болгоны хүн бүрт юм өгнө. Машиныхаа ард баахан чихэр, боов, алчуур, үнэртэй ус хийчихдэг сэн. Ойр дотнын хүмүүстээ өгөх гэж тэр. Ээж минь ийм л хүн байсан” хэмээн дурссан. “Гадаад руу хуралд явахдаа надаар чемоданаа бэлтгүүлж, ямар цүнх, гутал хослуулахаа ярилцана. Би тэр ажлыг нь дуртайяа хийдэг байсан. Бид их дотно. Москвад сурч байхад “Миний хайртай, хөөрхөн бэр” гээд л захиа, ил захидал явуулдаг байлаа. Агуу хүнээс ихийг сурч мэдэх, амьдралын баяр баясгалан, гуниг зовлонг нь мэдэрч, үр удмыг нь тээж, өсгөх ховорхон хувь заяа надад тохиосон” гэсэн дурсамжийг түүний хайртай бэр, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн доктор, профессор Н.Алтанцэцэг бичсэн байдаг. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Оюун “Нэг өглөө С.Удвал дарга өөрөө явган, гялгар хар машин нь араас нь зугуухан дагачихсан явж байхтай таарсан. Тэгсэн “Би Өнөбаатарынх руу явж байна. Залагдаад байгаа юм уу, зарагдаад байгаа юм уу, мэдэхгүй ээ. Хүүхэд харах ажилтай” гээд жаргалтайгаар инээж билээ. Тэр байдлаас нь харахад энэ улсын хэчнээн том дарга байсан ч эх хүнийхээ хувьд бусдын нэгэн адил эгэл энгийн, ач гучийнхаа өмнө сайн эмээ, тийм л сайхан хэлбэр маяггүй хүн байсан даа” хэмээсэн юм.
Бие нь барагтайхан үед түүнтэй уулзах гэсэн хүмүүсийн цуваа тасардаггүй байж. Харин тэрбээр “Хүнд муугаа үзүүлмээргүй байна” гээд огт хүлээж авдаггүй байв. Ингээд БНМАУ-ын Төрийн эрхийг барих, хууль тогтоох дээд байгууллага болох АИХ-ын депутатаар арвантаа сонгогдож, 40 жил төр түшилцсэн, “Цагийг эзэлсэн хатагтай” С.Удвал 1991 онд 70 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. 2001 онд түүний хүүхдүүд “Удвал” сан байгуулж, ээжийнхээ ойн баярыг тэмдэглэн, Д.Цоодол, Ш.Дулмаа, Д.Төрбат нарын зохиолчтой хамтарч яруу найргийн уралдаан зохион байгуулж байв. Энэ онд түүний амьдралаас сэдэвлэсэн “Улаан цэцэг” уран сайхны киног түүний 100 насны ойд зориулан Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм”-ийнхэн бүтээх бөгөөд С.Удвал агсны хүүхдүүд тус уран бүтээлийн зөвлөхөөр ажиллаж буй ажээ.
Бэлтгэсэн А.Тайшир