Өрхөө татаж, нийтлэл, бүтээлээ олноо хүргэсээр өнөөдөртэй золгосон “Монгол ньюс” группийн минь 25 жилийн ой тохиосон, баярын совинтой, утга төгөлдөр өглөөний мэндийг "Өнөөдөр" сонины хамт олондоо тусгайлан хүргэе ээ. Редакцын утас тасралтгүй хангинаж, баярын мэндчилгээнд дарагдан байна, манайхан. Аргагүй юм, “Өнөөдөр” сонины үе үеийн алдартай бүх сэтгүүлч, сурвалжлагч иргэний эрхийг хамгаалж, шударга бусыг сөрж, үзгээ барьж, үгийн сайныг түүж, утгын зангилаа зангидаж, үнэнийг өгүүлсээр өнөөдөртэй золгосон билээ. Өөрөөр хэлбэл, “Өнөөдөр” сонин оршин тогтнож буйн ачаар хууль зөрчсөн бүхний хулхи бууж, гавьяа байгуулсан нь сонины тэргүүн нүүрнээ "залагдаж", хүүхэд багачууд шинэ санаа олж, идэр залуус урам авч, ахмад буурлууд дурсамжаа уудлан налайна. Манай хамт олон нийгэм гэгээрэхэд, хүмүүс өөдлөн дэвжихэд ингэж л нөлөөлж ирсэн. Алс холын тэртээд “Өнөөдөр” сониныг анх л мэндлэхэд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж, Д.Цэдэн-Иш, Б.Пүрэвдаш нар тосон авч, түүчээлж, С.Батбаатар, Д.Заяабат, Ц.Хулан тэргүүтэн зүтгүүр болж, Л.Болормаа, Н.Лутбаяр, Ш.Даваадорж, Р.Эмүжин нарын шилдгүүд нийтлэлээрээ цахиур хагалж, Ц.Цэвээнхэрлэн, И.Отгонжаргал, Ж.Тэгшжаргал, Л.Ганчимэг нар ахмадуудынхаа шийрийг хатааж, Э.Харцага, Ц.Батбаатар, Г.Эрдэнэтуяа, П.Баттулга, Б.Тошка, О.Бямба-Очир нарын буулгасан гэрэл зураг бусдаас ялгарч, өдгөө Х.Уянга, Ч.Мөнзул, Г.Цолмон, Т.Энхбат, О.Бат-Ундрах, Б.Номин, Ж.Сувдмаа тэргүүтэй шижигнэсэн, шилдэг сэтгүүлчдийн бичсэн материалыг Н.Уламбаяр, Ц.Баасанжаргал дэглэж, тэд хамтдаа “Өнөөдөр” сониныг өнгөлж, бүтээлцэж явна. Тийм ч учраас “Өнөөдөр” сонин үргэлж шилдэг сонин, хамгийн гол нь хариуцлагатай, ёс зүйтэй өдөр тутмын хэвлэл хэмээх уншигчдаас өгсөн эрхэм цолоо хадгалсаар, нэр төртэй оршсон хэвээр. “Өнөөдөр” сонины хамт олондоо 25 жилийн ойн баярын мэндийг ахин дахин хүргэхийн ялдамд, цаашдаа илүү урт удаан жил нийгмээ түүчээлж, шударга үнэний эрэлд мордох ариун үйлсэд нь ташуур нэмж, амжилт хүсье ээ.