Төвбанкны үнэт цаасны хэмжээ одоогийн байдлаар 8.8 их наяд төгрөгтэй дүйж байна. Энэ нь өнгөрсөн тавдугаар сарын 24-нд 10.3 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшин байсан юм. Үүнтэй харьцуулбал 1.5 их наяд төгрөгөөр буурчээ. Монгол Улсад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Төвбанкны үнэт цаасыг худалдаж авах банкуудын сонирхол илт нэмэгдсэн юм. Тодруулбал, тухайн сарын 2-нд Төвбанкны үнэт цаасны хэмжээ 6.3 их наяд төгрөгтэй дүйж байлаа. Гэвч сарын эцэст 7.5 их наяд болж өссөн юм. Банкууд цар тахлын эрсдэлээс болгоомжилж, олгох зээлийнхээ хэмжээг танан, өгөөж багатай ч найдвартайгаар нь Төвбанкны үнэт цаас худалдаж авахыг илүүд үзсэн хэрэг. Монголбанкны үнэт цаасны хэмжээ 2018 оноос 2020 оны эхний хагас жил хүртэл 4-5 их наяд төгрөгт хэлбэлзэж байв. Түүнээс өмнө буюу 2016 оны тавдугаар сард 75 тэрбум төгрөг болтлоо буурсан удаа ч бий.
Харин Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлж, гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд олгох тохиролцоог банкуудтай хийсэн. Уг зээл нь үндсэндээ есөн хувийн хүүтэй агаад Засгийн газар зургаан хувийг нь төлөх юм. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр банкууд Төвбанкны үнэт цаас худалдаж авахаа больж, зээл олгож эхэлжээ. Мөн эдийн засаг сэргэсэн нь өөр нэг хөшүүрэг болж буйг шинжээчид дуулгаж байна.