Төрийн банкны ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Баярсайхан нарт холбогдох, албан тушаалаа урвуулж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг өдрийн дотор 20 тэрбум төгрөгийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлсэн гэх хэрэгт ял шийтгүүлсэн, өмнөд хөршийн иргэн ялаа эдэлж дуусаад буй. “Шинжиан шинфа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, БНХАУ-ын иргэн Сун Гуанчиныг Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жил хорих ял оноосон юм. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангид ялаа эдэлж дууссан бөгөөд өдгөө манай улсад амьдарч буй аж. Уг нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.11-т “…шүүхээр ял шийтгүүлсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон…” бол албадан гаргахаар заасан. Цар тахлын улмаас хил хаалттай буй тул нэгдсэн журмаар өмнөд хөршид хүлээлгэн өгөхөөр хүлээж байсан бололтой. Тэгвэл 10-аад хоногийн өмнө Сун Гуанчинд 3-4 залуу халдсан байна. Тэднийг хууль сахиулагчид эрэн сурвалжилсны дүнд өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн төдийгүй захиалагчийг нь ч тогтоосон аж. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр өмнө нь дээрмийн хэрэгт ял шийтгүүлж байсан, манай улсын гурван иргэн Сун Гуанчинтай бизнесийн хамтрагч нэгнээс захиалга авч, биед нь халдаж дарамтлан, компанийнх нь хувьцааны тодорхой хэсгийг шилжүүлэх гэрээ гэх бичиг баримтад гарын үсэг зуруулсан гэнэ. Хохирогч Сун Гуанчинд халдах захиалга өгсөн хүн нь өвөрлөгч нэгэн бөгөөд манай улсын хилийг зөрчсөн, бусдад хахууль өгч, хилээр нэвтрэх тамга даруулсан гэх зэрэг хэргийг нь шүүх хэлэлцэхгүй, удаан хугацаагаар хойшлуулаад байгаа аж.
Бэлтгэсэн Д.Дайчин