“Аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” сургалт есдүгээр сарын 14, 15-нд боллоо. Сургалтад яамдын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны харьяа агентлагийн албан хаагчид болон аж ахуйн нэгж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 80 гаруй алба хаагчийг хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авснаар гарах үр дүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдлэг, мэдээлэл олгожээ.
Мөн Японы "Мираиро" компанийнхан аж ахуйн нэгж, байгууллагад тулгарч буй асуудал болон хэрэгжүүлж буй ажлынхаа сайн туршлагаас хуваалцсан байна. "Мираиро" компанийнхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг компаниудад тэдгээр иргэдтэй харилцах хандлага ойлголт, ёс суртахууныг эзэмшүүлж, сайжруулах зорилготой түгээмэл загварын ёс зүйн сорилыг хэрэгжүүдэг юм байна. Улмаар нийгэм, эдийн засгийг хослуулан, хүн бүр сэтгэл амар, тав тухтай амьдрах нийгмийг бүтээхийг зорин ажилладаг байгууллага юм. Тус компанийн захирал Какиүчи нь хөдөлгөөний бэрхшээлтэй, тэргэнцэр хэрэглэдэг аж. Тэрбээр 2009 онд их сургуульд сурч байхдаа тус компанийг үүсгэн байгуулсан бөгөөд “Хөгжлийн бэрхшээлээс үнэ цэнтэй байдал руу” гэсэн уриалгыг компанийн гол үзэл баримтлал болгож, хэрэгжүүлж чадсан нэгэн.
Сургалтаар аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авч, тогтвортой хөдөлмөр эрхлүүлэхийн тулд тэдэнтэй харилцах хандлага, ойлголтоо өөрчлөх, ажлын байранд тохирох хэрэглэгдэхүүнээр хангах аргын талаар суралцах, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ, шинэ үзэл баримтлалыг нэвтрүүлэх талаар тодорхой ойлголттой боллоо.