Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй “Орос, монгол зүйр, цэцэн үгийн тайлбар толь бичиг”-ээр уншигч түмнийг мялааж байна. Энэ сарын 17 буюу өнөөдөр эхлэх номын яармагаар уншигчдын гарт очих эл ном айл бүхэнд байгаасай гэж бодохын учир нь танин мэдэхүйн “амтанд” нь буй. Орос ардын 2270 гаруй зүйр цэцэн үгийн орчуулга, утгын тайлбар, монгол дүйцийг багтаасан 800 шахам хуудас бүхий хатуу хавтастай уг бүтээлийнхээ талаар зохиогч Ж.Нэргүй “Энэ бол зөвхөн орос хэлний мэргэжилтнүүдийн барих ном биш, ер нь л хойд хөршийнхөө янз бүрийн салбарынхантай улс төр, бизнес, хувийн харилцаатай байдаг хүмүүсийн байнга ашигладаг халаасны ном байгаасай гэж бодсоны үүднээс “нухаж” дууслаа. Шашин шүтлэг нь өөр, уудаг, иддэг нь өөр, суудаг, гүйдэг газар нь өөр болохоор тэр сэтгэлгээг нь бүрэн буулгахад хэцүүхэн л байлаа. Монгол маань хойд хөршөөсөө зугтаад явчихгүй, өшиглөөд хөөчихгүй болохоор одоогийн бидэнд үгүй гэхэд ирээдүйнхэнд тус болох буй за. Аливаа яриан дундаа ариун нандин сайхан үгийг нь дурдчихад ямар ч үндэстэн, ястны хүн наалдаад л ирдэг юм шүү дээ. Өгүүлэхүйн их “арслангууд” болох Г.Аким, Т.Галсан гуай хоёр хянан засамжилж өгсөн. 43 жил бага ангийн багшаар ажилласан гэргий Н.Пүрэвсүрэн маань үг, үсгийнх нь алдааг түүсэн” хэмээн тодотголоо. Уг номоос ганцхан жишээ татахад л таны арааны шүлс аяндаа урсах болов уу.
•Беды кульем валятся, а счастье золотниками-Гай зовлон бөөнөөрөө ирдэг, аз жаргал харин бага багаар ирдэг.
Утга: Куль гэж үйрмэг бодисын хуучны хэмжүүрийн нэгж. Нэг куль нь ес орчим пүүтэй тэнцэнэ. Нэг пүү гэж 16 кг-ыг хэлнэ. Тэгэхээр нэг куль нь 150 орчим кг буюу бараг нэг тэмээний ачаатай дүйх нь. Нэг тэмээний сайн ачааг манай монголчууд тэн ачаа гэдэг.
Монгол: Тэнгээр ирдэг зовлон, пунгаар ирдэг жаргал.
Зовлонг сөрж амьдар, жаргалыг дааж амьдар
Бэлтгэсэн Э.Хана