“Намрын ногоон өдрүүд, үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр эхэллээ. ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хамтран олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр уг арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 23 хүртэл үргэлжлэх аж. Үүний хүрээнд хөдөө аж ахуйн салбарын чиглэл тус бүрээр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн аж. Эхнийх нь мал аж ахуйнх байв. Тухайлбал, Монгол орны бэлчээрийн менежмент, малын тэжээл үйлдвэрлэл, мал үржүүлгийн технологийн талаар холбогдох албаныхан олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөв. Мөн гүн хөлдөөсөн үрээр малд зохиомол хээлтүүлэг хийх арга, технологи, Дэлхийн банкны мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл зэргийг мэргэжилтнүүд танилцууллаа.
Нэгдсэн арга хэмжээний олон нийтийн сонирхлыг татаж буй хэсэг нь хүнсний болон мал аж ахуйн гаралтай төрөл бүрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа юм. Тэнд зарим хүнсний ногоог харьцангуй хямд үнээр борлуулж байв. Жишээ нь, төмс кг нь 600, байцай 1000, шар манжин 2000, чинжүү 6000, улаан лооль 6-10 мянган төгрөгийн үнэтэй аж. Саримсны бөөний үнэ кг нь 30 мянга бол кг тутмыг нь 35 мянган төгрөгөөр худалдаж байна. Энэ жил байгалийн жимс ховор гэнэ. Тиймээс хоёр л лангуун дээр аньс, нэрс байсан бөгөөд кг-ыг нь 20 мянган төгрөгөөр санал болгож байлаа. Мөн нэг кг зөгийн балыг 20-25 мянган төгрөгөөр авч болно. “Намрын ногоон өдрүүд, үндэсний үйлдвэрлэл-2021”-ийн өнөөдрийн хөтөлбөрийг харвал “Эх орны сүү, эрүүл хүнс”, “Бэлчээрийн монгол махаар дэлхийг дайлъя” өдөрлөг, байгууллагуудын шинэ бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа, “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн үр дүнг хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн шинэ төрлийн мах, махан бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа болох аж.
Бэлтгэсэн Р.Оюунаа