Өндөр хөгжилтэй, АНУ, Япон, БНСУ зэрэг улс сурагчдадаа үдийн хоол өгч эхлээд хагас зуунаас илүү хугацаа өнгөрчээ. Харин манайд 2006 оноос бага ангийнханд үдийн цай өгч эхэлсэн бөгөөд энэ хичээлийн жилээс үдийн хоол болгон, улсаас олгох зардлыг нь өсгөж, хоолны чанарыг сайжруулан, орцыг нь нэмэхээр тооцсон. Нэг хүүхдэд 900 төгрөг зарцуулж байсныг 1500 болгон 60 гаруй хувиар өсгөсөн. Тэгвэл үдийн цайг ямар хоолоор солив, шим тэжээл нь сайжрав уу гэдгийг хоол үйлдвэрлэгчид, сурагчид, албаны хүмүүсээс тодрууллаа.
Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд өнгөрсөн мягмар гарагт 13.00 цагт очив. Бага ангийнхан нь хоёр ээлжээр хичээллээд тарж байлаа. “School police” хийж буй ээжийгээ хүлээн суусан ах, дүү хоёрын нэг болох гуравдугаар ангийн сурагчаас ямар хоол идсэн, цадсан, эсэхийг нь асуухад “Пирог идэж, цай уусан. Хоолондоо цадсан” гэлээ. Сургуулийн хоол гоё амттай байна уу, идэх дуртай юу гэхэд “Пирожки, мантуун бууз нь гоё. Зарим өдөр цагаан хоол, бас шорвог цай өгдөг нь таалагдаггүй” гэв. Цайны газраар нь ороход зарим гуанзнаас үнэртдэг хашин тос, элдэв амтлагчийн хурц үнэр ханхалсангүй. Сургуулийнх нь барилга хуучирч муудсаны адил цайны газар нь ч тааруухан “төрх”-тэй, бага талбайтай юм. Гэхдээ шинэ, эрүүл хоол үнэртэн, гал тогооноос нь уур савсан, тасалгаа нь халуу дүүгж байлаа. Хоолны газрыг түрээслэгч Ц.Цэрэндуламаас цэс, үдийн цайны оронд хоол өгч эхлэснээр юу өөрчлөгдсөн талаар тодрууллаа. Тэрбээр “Өнөөдөр махан шанзтай пирог, цай, өргөст хэмхийн хачиртай өгсөн. Нэг хүүхдэд ногдох 900 төгрөгийг 1500 болгох шийдвэр гарсан ч одоогоор зардлаа авч эхлээгүй байна. Өмнөх жилүүдэд өгч байсан үдийн цайг сайжруулж хоол өгч эхэлсэн нь мэдээж орц, хэмжээний хувьд илүү байлгүй яах вэ. Бид гол төлөв шөлтэй хоолыг мантуу, эсвэл мантуун буузтай, бас пирог, үзэмний шүүс, хярам өгч буй” гэлээ.
24 дүгээр сургуулийн цайны газар уржигдар гоймонтой ногоотой шөл, мантуу, жимсний шүүс сурагчдадаа өгснийг хоолных нь дээжээс харлаа. Тус сургуулийг өргөтгөн, бага ангийнхан нь шинэ байранд өнгөрсөн оноос хичээллэж буй бөгөөд цайны газар нь талбай томтой, саруулхан, тохилог юм. Уг газрыг сард 2.5 сая төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг Г.Энхбаяр “Манайх таван өдрийн нэгт нь цагаан, үлдсэнд нь махан хоол хийж байна. Пирожки, хуушуураа аль болох шинэ тосонд хайрдаг. Намарт хүнсний ногоо арай хямд учраас ногоотой хоол өгөөд болоод байна. Харин өнгөрсөн жилийнхээс махны үнэ нэлээд нэмэгдсэн болохоор зардал ихэссэн. Миний бодлоор багадаа 3000 төгрөгийг нэг хүүхдэд зарцуулбал шөл, хоёрдугаар хоол, амттан, уух юм буюу иж бүрдэл хоол өгч болох байх” гэв. Өдгөө хямдыг нь бодон хүүхдүүдэд чацарганын шүүс уулгаж буй бөгөөд сүү, тараг, цагаан идээ худалдан авах боломжгүйг тэрбээр дурдсан. Тэгвэл Баянгол дүүргийн “Номт наран” сургуулийн сурагчид 08.00-16.00 цагт хичээллэхдээ өглөөний цай, үдийн хоол идэн, 4500 төгрөг төлдөг аж. Өглөөд хярам, хүүхдийн будаа, жигнэмэг, эсвэл боорцог өгдөг бол үдэд нэг, хоёрдугаар хоол, жимсний шүүсээр шавь нараа дайлдаг гэв. Улсаас одоогоор нэг хүүхэд өдөрт 900 төгрөгөөр тооцсон мөнгийг авах боломжтой бөгөөд үлдсэнийг нь эцэг, эхчүүдээс сар бүр авах гэрээ байгуулжээ.
Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 150 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 80 гаруй хувь нь цайны газраа иргэдэд түрээслүүлж буй аж. Энэ хичээлийн жил Боловсрол, шинжлэх ухааны яам болон сургуулиудаас 1500 төгрөгт тохирсон хоолоор хүүхдүүдэд үйлчлэхийг түрээслэгчдэд сануулсан юм байна. Есдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулсан цахим хурлаар цайны газрынханд дээрхийг ойлгуулж, сургуулиуд гэрээгээ хийжээ. Түрээслэгчид нэг сард хэдэн хүүхдэд хоол өгсөн тооцоогоо нэгтгэн, сар бүрийн сүүлээр мөнгөө авах журам хэвээр байгаа аж. Өнгөрсөн онд цахимаар хичээллэсэн учраас хүүхдүүдийн үдийн цайнд төсөвлөсөн мөнгийг зарцуулаагүй, өдгөө орон нутаг, дүүргийн төсөвт нь орсныг Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал хэллээ. Тэрбээр “Нэг хүүхдийг 1500 төгрөгөөр хэрхэн хооллох билээ гэж шүүмжлэх хүмүүс бий. Бага ангийнхны нэг өдөрт авах хоолны илчлэгийн 35 хувь буюу 610 ккал илчлэгтэй байхаар тооцон эл дүнг гаргасан. Түрээсийн төлбөр, ажилчдынхаа цалин, бусад зардлыг түрээслэгчид багш нар, ахлах ангийнханд хоол, хүнс борлуулж олж болно. Ирэх дөрвөн жилд сургуулиуд нь цайны газруудаа ажиллуулж, хоолоо илүү чанаржуулах зорилготой” хэмээв. Түүнчлэн нэг хүүхдэд 1500 төгрөгийн хоол өгч байгаа, эсэхийг тухайн сургууль, эцэг, эхчүүд нь хянах боломжтой гэлээ.
Япон Улс дэлхийн хоёрдугаар дайны дараагаас хүүхдүүдийн эрүүл мэнд, эрүүл мэндийнх нь боловсролд онцгой анхаарчээ. Багачуудыг шаардлагатай аминдэм, шим тэжээлт бүтээгдэхүүнээр хооллох нь эрүүл, чийрэг, өсгөлүүн нэгэн болгох төдийгүй хоол зүй, тэжээхүй ухааны талаар насан туршдаа баримтлах дадал олдог гэж тооцжээ. Ийн хичээсэн нь өдгөө дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлэгч орон болоход нөлөөлсөн гэдэг. 2019 оны байдлаар япон сурагчдын нэг өдрийн хоол 600-700 калоритой, дунджаар 2.5 ам.долларын үнэтэй байжээ. Тэгвэл Өмнөд Солонгос, БНХАУ, АНУ зэрэг нь сурагчдын үдийн хоолонд төрөл бүрийн мах, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн, будаанаас гадна сүү, жимс өгч эхэлснээр залуусынх нь өндрийн хэмжээ дунджаас 5-7 см-ээр ахисан тооцоо бий. 20 хүртэлх насандаа өдөрт 200 грамм сүү уувал өсөлт нь 20-40 хувиар нэмэгдэн, яс төлжихөд шаардлагатай аминдэмээ авч болдог тухай судалгаа ч байдаг. Гэтэл Монголд нэг сурагчид өдөрт, үйлдвэрийн 200 грамм сүү өгье гэвэл одоогийн ханшаар 500 орчим төгрөг буюу үдийн хоолны зардлын гуравны нэгийг “тушаана”. Нэмж хэлэхэд, нэг хүүхдийн үдийн хоолны өртгийг 1500 төгрөгт хүргэсэн нь чамлахаар дүн биш ч хүүхдийн өсөлт, хөгжилт, тархины үйл ажиллагааг сайжруулахад дэмтэй уураг, эслэг, аминдэм агуулсан хоолыг 1500-д багтаахад бэрх. Гэхдээ өнгөрсөн онуудад нэг пирожки, эсвэл мантуун бууз, байхуу цай өгч байсантай харьцуулахад энэ жил шөлтэй хоол, ногооны хачир нэмэгдэн чанаржжээ. Улсын сургуулийн цайны газрууд аль болох шимтэй, эрүүл хоол өгөхөөр хичээдэг аж. Цаашдаа боломж байвал цэцэрлэгийнхэн, бага ангийнхны үдийн хоолны зардлыг үе шаттай нэмбэл өсгөлүүн, эрүүл чийрэг залуустай болоход нэг шат ахих болов уу.