Увс нуурын хотгорыг олон улс, дэлхийд сурталчилж, хамгаалах боломж бүрдсэн талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ. Учир нь уржигдар Нигери улсын Абужа хотод цахимаар зохион байгуулсан, ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын Олон улсын зохицуулах зөвлөлийн 33 дугаар хурлаар эл хэсгийг ОХУ-тай хил дамнасан шим мандлын нөөц газраар бүртгэжээ. Эл асуудлыг дэвшүүлсэн байгаль хамгаалагч, судлаачдын үндэслэлийг зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн аж.
Манай улс 1990-2007 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд зургаан газрыг бүртгүүлсэн бөгөөд үүнээс 13 жилийн дараа (өнгөрсөн оны аравдугаар сард) Тосон хулстайг дансалсан бол энэ жил найм да хийг нь хүлээн зөвшөөрүүллээ. Увс нуурын ай савыг Евразийн тал нутгийн унаган төрхийг хадгалсан цөөн газрын нэг гэж үздэг. Мөн Төв Азийн гадагшаа урсгалгүй олон жижиг нууртай учраас нүүдлийн шувууд өсөж үржих таатай бүс, олон зүйлийн хөхтөн амьтны нутагт тооцогддог. Түүнчлэн археологийн дурсгалын өлгий гэж судлаачид тодорхойлдог юм. Энэ бүхэн нь тус бүсийг олон улс, дэлхийд чухал ач холбогдолтой экосистем гэж үнэлэхэд нөлөөлжээ.
Бэлтгэсэн С.Мандах