Эрчим хүч, дулааны салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц энэ сарын эхний хагасын байдлаар 80.6 хувьд хүрснийг Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Тодруулбал, “ДЦС-3”, “ДЦС-4” компани 2021-2022 оны өвлийг өнтэй давах зорилгоор нийт 300 гаруй ажил төлөвлөн, 39.1 тэрбум төгрөгөөр их болон урсгал засвар хийхээр тооцжээ. Гүйцэтгэл нь одоогоор 85 хувьд хүрсэн гэнэ. Түүнчлэн өвлийн оргил ачааллын үед ОХУ-аас 245 МВт цахилгаан авч байсныг энэ жил нэмэн 345 МВт-д хүр гэхээр зөвшилцөж буйг дурдав. “ДЦС-4”-ийн дөрөвдүгээр турбогенераторыг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран засварласан, “Их тойрог” төслийн 220 кВ-ын хүчин чадалтай дэд станц, 110 кВ-ын Сонгино-Зайсан, 110 кВ-ын “Шинэ Яармаг” дэд станцын барилга, угсралтыг дуусган ашиглалтад оруулсан гэлээ. Ингэснээр эрчим хүчний нэгдсэн сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллах нөхцөл хангагдсан аж. Түүнчлэн “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компанийн хувьд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл” хэрэгжүүлснээр дулааны наймдугаар магистралын 2.6 км урт шугамын голдчийг өргөтгөсөн бол тав, арванхоёрдугаар магистралын 600 мм голдочтой 400 метр шугамыг шинээр барих ажлын явц 85 хувиас давжээ. Цахилгаан, дулааны хангамж, дамжуулах шугамууд, дэд станцуудын найдвартай ажиллагааг хангахтай холбоотой, төлөвлөгөөт болон шинэ ажлыг ирэх сарын 15-нд бүрэн дуусгах боломжтой юм байна.
Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд 22 301 аж ахуйн нэгж, гэр хорооллын 151 972, орон сууцын 216 408 өрх буюу нийт 390 681 нэгж цахилгаан хэрэглэдэг аж. Сүүлийн гурван жилийн байдлаар эрчим хүч хэрэглэгчийн тоо жилд дунджаар 2.5 хувиар өссөн бол одоогоор нэгдсэн сүлжээнд холбогдоогүй 12 149 өрх бий гэнэ. Тэдгээ рийг цахилгаанаар хангах, сүлжээнд холбох ажлын зураг төслийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани болон НЗДТГ хамтран гаргаад буй юм байна.