Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд оролцох найман нам, нэг эвслийн 12 нэр дэвшигч, бие даан өрсөлдөх хоёр хүнийг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Харин гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаад байсан юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг ирүүлэх боломжтой. Тэгвэл энэ хугацаанд хоёр нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох баримт бичгээ ирүүлснийг өчигдөр сонгуулийн төв байгууллагынхан хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, 18 дугаар тойрогт ИЗНН-аас А.Бархүү, ШИНЭН-аас Д.Баатаржав нарыг нэр дэвшүүлэхээр дахин бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, үнэмлэх олгохоор болсон байна.
Ингэснээр дээрх хоёр тойргийн нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч өрсөлдөх нь. Тэдэнд үнэмлэхийг нь маргааш гардуулах бөгөөд нэр дэвшигчид, нам, эвсэл сурталчилгаагаа албан ёсоор эхэлнэ.
Бэлтгэсэн Б.Уран