Өнгөрсөн онд батлагдсан хуулиудын уг эх дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өчигдөр төрийн тамга дарлаа. Ингэснээр эдгээр хууль, тогтоомжийн уг эх Монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдахыг ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцолсон.
Эл ёслолыг жил бүр Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар хамтран зохион байгуулдаг. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу төрийн тамгыг Үндсэн хууль болон бусад хууль, УИХ-аар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр дарах ёстой. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд УИХ 2020 онд цөөнгүй томоохон хуулийг шинэчлэн найруулж, “гар хүрсэн”. Тодруулбал, нийт 241 хууль баталснаас анхдагч 34, олон улсын гэрээ соёрхон батлах тухай 24, шинэчилсэн найруулга найм, өөрчлөлт оруулах тухай 167, хүчингүй болсонд тооцох тухай найман хууль баталжээ. Эдгээр нь нийт 10 боть, 2732 нэгж хуудас болсон гэнэ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар эл ёслолыг нээж үг хэлэхдээ “Монгол Улс төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй. Манай төр өвөг дээдсийнхээ “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна” хэмээсэн үзэл санааг тасралтгүй баримталж ирсэн уламжлалтай. Төрийн тамга дарах эл ёслол нь Монголын төрийн бодлого, шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа юм” хэмээлээ.
Бэлтгэсэн У.Наран