ОХУ-аас өмнөд хөрш рүү Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих яриа хэлэлцээ юу болсон бэ. Хийн хоолойг Монголын нутгаар тавих тухай яриа нам жим болсон тул учир мэдэх хүмүүс ийн лавлаж байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд манай нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих ажил урагшилж байгааг дуулгая. Ирэх оны эхний хагаст бүх зүйл тодорхой болох гэнэ. Хоолой татахын тулд гурван улс ойлголцолд хүрэх, байгалийн хий худалдагч ОХУ, худалдан авагч БНХАУ үнэ тарифаа тохиролцох гэх мэт ажил бий. Энэ нь нэлээд ярвигтай ажил учраас хийн хоолойтой холбоотой мэдээллийг нийтэд дэлгэхгүй байгаа бололтой.
“Эрдэнэс Монгол” компанийн цахим хуудсанд хийн хоолойтой холбоотой мэдээлэл дөрвөн сарын өмнө гарсан. Түүнээс хойш нам жим байна. Тус мэдээлэлд “Союз восток” байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник, эдийн засгийн дүн шинжилгээг “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг баталсан талаар дурджээ. Техник, эдийн засгийн дүн шинжилгээ бол төслийг эхлүүлэх гол суурь баримт бичиг болдог. Үүнд төслийн техник, технологийн үзүүлэлтүүдийг тусгадаг юм. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хийн хоолойн оновчтой маршрут, түүний урт, голч, ашиглалтын даралт, компрессорын станцуудын тоог тогтоожээ. Техник, эдийн засгийн дүн шинжилгээнд тулгуурлаж техник, эдийн засгийн үндэслэл боловруулдаг. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан маршрут, хий дамжуулах хоолойн урт, голч гэх мэт үзүүлэлтийг авч үзэж, тооцоолол хийдэг гэсэн үг.
Байгалийн хий дамжуулах хоолойн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг эрчимтэй хийж байгаа гэнэ. Уг ажлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсны дараа бүх зүйл тодорхой болно. Товчхондоо, Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барихад ашигтай юу, үгүй юү гэдэг нь тодорхой болох юм. Хойд болон өмнөд хөршийнхөн хоёр улсаа холбосон байгалийн хийн хоолой барих талаар олон жил ярилцаж, зохих судалгааг хийсэн. Хоёр их гүрэн манай улсын баруун, зүүн талаар хоорондоо хил залгадаг. Хийн хоолойг Монголын газар нутгийг тойруулан барих боломж бий. Гэвч эдийн засгийн хувьд өртөг зардал өндөр, үр ашиг багатай гэж тооцдог. Тиймээс манай нутгаар дамжуулан хийн хоолой барих хувилбар дээр тогтоод буй. Монголын нутгаар дамжуулах нь эдийн засгийн үр ашигтай нь маргаангүй. Харин улс төр, геополитикийн өнцгөөс нь харвал өөр дүр зураг тодорч магадгүй.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын хэсгийн дарга нарын уулзалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан. Уг хуралдаанд оролцсон хоёр тал байгалийн хийн хоолой барих ажил урагштай буйг онцлон тэмдэглэсэн юм. Тэгэхээр ОХУ, Монголын хооронд хийн хоолойг нутаг дэвсгэр дээрээ барих асуудлаар нэгдсэн ойлголтод хүрснийг илтгэж байна. Нэгдсэн ойлголт, тохиролцоонд хүрээгүй бол техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг эхлүүлэхгүй байсан нь дамжиггүй.
Эх сурвалжийн мэдээлснээр манай талаас байгалийн хийн хоолойг Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн төмөр замыг дагуулж барих санал гаргажээ. Үүнийг Оросын тал нааштайгаар хүлээж авсан гэнэ. Уг нь хойд хөршийнхөн байгалийн хий дамжуулах хоолойг манай орны төв хэсгээр дайруулан барихаар төлөвлөж байсан аж. Тэгэхээр одоо байгалийн хий дамжуулах хоолойн техник, эдийн засгийн үндэслэлийг “Улаанбаатар төмөр зам”-ыг дагасан маршрутын дагуу хийж байгаа гэсэн үг.
Байгалийн хийн хоолой дамжуулагч болон хэрэглэгч орон гэсэн ойлголт байдаг. Дамжуулагч орон бол хоолойг нутаг дэвсгэртээ бариулаад, түүнийхээ төлөө төлбөр авна. Хийн хоолойг нутаг дэвсгэр дээгүүрээ дамжуулаад, мөн хэрэглэдэг орон байдаг гэнэ. Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн төмөр замын дагуу манай улсын томоохон хот суурингууд бий. Тухайлбал, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймгийн төв, Улаанбаатар хотыг дайран өнгөрдөг. Хүн ам төвлөрөн суудаг эдгээр суурин газрыг байгалийн хийгээр хангах шаардлага үүсэж мэдэх тул хоолойг төмөр зам дагуулан бариулах санал гаргажээ. Тэгэхээр манай улс байгалийн хий дамжуулагч болон хэрэглэгч орон болох нь. Засгийн газраас “ДЦС-2”-ыг хийн цахилгаан станц болгож тоног, төхөөрөмж, технологийг нь өөрчлөхөөр болсон. Энэ нь байгалийн хий дамжуулах хоолой Улаанбаатар хотын дэргэдүүр өнгөрөхтэй холбоотой нь ойлгомжтой. ОХУ-ын талаас техник, эдийн засгийн үндэслэл боломжтой гэж гарсан тохиолдолд хий дамжуулах хоолойг гурван жилийн хугацаанд барьж дуусгана гэж мэдэгджээ.
Монгол Улсын төр, засгийн удирдлага байгалийн хийн хоолойг газар нутаг дээгүүрээ бариулах талаар олон жил хөөцөлдсөн. ОХУ-ын төрийн удирдлагатай олон ч удаа уулзаж, хүсэлт тавьсан. Эцэст нь бидний хүсэл биелэх нь тодорхой болж байх шиг. Яагаад байгалийн хийн хоолойг нутаг дэвсгэр дээгүүрээ дамжуулах сонирхолтой байсан юм бэ гэсэн асуулт гарна. Уг хоолойг нутаг дэвсгэр дээгүүрээ дамжуулбал олон улсын нөхцөл, геополитикийн хувьд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаагаа баталгаажуулна. Үүгээр зогсохгүй эдийн засгийн хамтын ажиллагааных нь нэг хэсэг болж, Монгол Улсын үнэлэмж, байр суурь өснө. Мөн эдийн засгийн өндөр өгөөжтэй.
Хийн хоолойг нутаг дэвсгэртээ бариулбал жилд нэг тэрбум ам.долларын төлбөр авах юм байна лээ гэсэн явган яриа сонсож байв. Тэгвэл урьдчилсан тооцоогоор 1-1.5 тэрбум ам.доллартой дүйх төлбөр авах гэнэ. Энэ дүн нэмэгдэх ч боломжтой аж. Хамгийн гол нь ОХУ, БНХАУ байгалийн хий худалдах, худалдан авах үнэ тарифаа хэрхэн тохирохоос ихээхэн зүйл шалтгаалах юм байна. Оросууд хятадуудад байгалийн хийгээ өндөр үнэтэй худалдаж чадвал манайх их хэмжээний төлбөр авна гэсэн үг.
Нэг тэрбум ам.долларын төлбөр авна гэж тооцоод эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь баримжаалъя. Нэг тэрбум “ногоон”-ыг өнөөгийн ханшаар хөрвүүлбэл 2.85 их наяд төгрөг болно. Манай улс төсвөө жилд хоёр орчим их наяд төгрөгийн алдагдалтай баталсаар ирсэн. Төсвөө алдагдалгүй батлаад, цаашлаад өрөө дарах боломж бүрдэх юм байна. Төсөвт бараг гурван их наяд төгрөг нэмж төвлөрвөл дэд бүтцийн олон бүтээн байгуулалт хийх боломж бүрдэх нь ойлгомжтой.
Нөгөөтээгүүр, макро эдийн засагт маш сайн нөлөө үзүүлнэ. Монгол Улсын төлбөрийн тэнцэл олон жил дараалан алдагдалтай гарч ирлээ. Тиймээс валютын нөөц бүрдүүлэх нөхцөл үүсдэггүй. Хуримтлуулсан хэдэн валютаа ам.долларын ханшийг өсгөхгүйн тулд интервенц хийгээд барчихдаг. Гэсэн ч ам.долларын ханш төгрөгийн эсрэг жилд дунджаар зургаан хувиар өсдөг юм. Хэрэв нэг тэрбум ам.долларын валютын урсгал манай орныг чиглэдэг болбол төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарна. Валютын нөөц бүрдүүлж чадна. Ам.долларын ханш тогтворжино. Үүнтэй уялдаад импортын инфляц нэмэгдэхгүй гэх зэргээр эдийн засгийн гинжин хэлхээгээр дамжин сайн нөлөө үзүүлнэ. Байгалийн хий дамжуулах хоолойгоос хүртэх хишиг ийм буюу.