Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "ТодББ" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй "Тод каннам" эмнэлгээр үйлчлүүлж, өөхөө соруулсан цэл залуухан эмэгтэй 2019 онд харамсалтайгаар амиа алдаж байв. Тэгвэл тус компанийн нэр дээр бүртгэлтэй “SM медикал” эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт энэ сарын 4-ний өдөр хүргэгдэн ирээд нас баржээ. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсээс мөрдөн шалгаж эхэлжээ. Одоогоор задлан шинжилгээний дүгнэлт гараагүй байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн хэлэв.
Тодруулбал, “SM медикал” гэх эмнэлэгт бэлэг эрхтний хөвч таслуулах, хамар тэгшлүүлэх мэс засалд зэрэг орсон 39 настай эрэгтэй нас барсан хэрэг энэ сарын 4-нд гарчээ. Талийгаач 3 хүүхэдтэй байсан бөгөөд хүүхдүүдээ авч явах зорилгоор гадаадаас наймдугаар сард эх орондоо ирсэн байжээ. "SM медикал" эмнэлэг хоёр мэс заслыг нэг дор хийж, үйлчлүүлэгчийн биеийн байдал хүндрэх үед УНТЭ-т хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна.