Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар "Зам, тээврийн ухаалаг нэгдсэн систем" төслийн талаар танилцуулав. Тухайлбал, Замын цагдаагийн албанд бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 88.8 хувийг эд материалын хохиролтой осол, 11.2 хувийг хүн гэмтсэн осол эзэлдэг байна. Хүн гэмтсэн ослын 74.3 хувь, эд материалын хохиролтой ослын 91.1 хувь нь нийслэлд бүртгэгджээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 54 хувь нь Улаанбаатарт зорчиж байна. Нийслэлийн хэмжээнд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв гэсэн гурван газарт камерын хяналт тавьж буй бөгөөд видео менежментийн систем байхгүй. Хотын хэмжээнд 3700 гаруй камер суурилуулсан ч олонх нь тодорхой хэмжээний эвдрэл гэмтэлтэй бол замын хөдөлгөөний зөрчил илрүүлж буй 176 камерын цөөнгүй нь гэмтэлтэй байгаа аж. Нийтийн эзэмшлийн талбайн 11.2 хувийг л хяналтын камераар хянадаг бол зарим гудамж, талбай болон замын уулзвар огт камергүй, камерын мэргэжилтэн дутмаг, удирдлагын төвөөс нэгдсэн байдлаар хянах боломж сул зэрэг олон дутагдал бий. Иймээс цаашид замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанд суурилан удирдах, хянах боломжтой “Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем”-ийг нэвтрүүлнэ гэв.