Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал ноён Чанхи Ли-тэй цахимаар уулзлаа. Сайд А.Ариунзаяа ноён Чанхи Ли-д тус албан тушаалд шинээр томилогдсонд баяр хүргэн, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. Мөн тэрбээр Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, "Ковид-19" цар тахлын үед тус байгууллагаас үзүүлсэн бодитой хувь нэмэр, хамтран ажилласан хүчин чармайлтыг онцлон дурдаад, хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд цаашид нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монголыг хариуцсан товчооны хөдөлмөрийн харилцааны зөвлөх Юү Ёнмо, Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч П.Болормаа нар оролцож, харилцан мэдээлэл солилцжээ.