Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг Тажикистан улсын Ерөнхий сайд Кохир Расулзода өнөөдөр хүлээн авч уулзав. Тэрбээр энэ сарын 16-18-нд Бүгд найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.
Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан энэ оны есдүгээр сард Бүгд Найрамдах Тажикистан Улс тусгаар тогтносны 30 жилийн ой тохиож буйд, түүнчлэн ШХАБ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааныг Тажикистан Улс амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв.
Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, АХАИББХ, ШХАБ зэрэг бүс нутгийн олон талт механизмуудын хүрээнд ч хоёр тал хамтран ажилласаар ирснийг тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс 70 сая малтай болохыг дурдаад, Манай улсын бог малын мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, боловсруулсан арьс ширэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өндөр үнэлэгддэгийг, мөн Тажикистан улсаас жимс жимсгэнийн бүтээгдэхүүнийг импортлох боломжтой зэргийг тэмдэглэв.
Тажикистан Улсын Ерөнхий сайд Кохир Расулзода, Монгол Улсаас малын гаралтай түүхий эдийг боловсруулах туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хүнсний ногоо, жимс жимсгэнийг экспортлох бүрэн боломжтой ч хоёр улсын худалдаанд тээвэр, логистикийн асуудал хүндрэлтэй байдгийг дурдав. Иймд талууд эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэрхшээл болж буй тээвэр, логистикийн асуудлын шийдлийг олоход хамтран ажиллахаар тохиров.
Хоёр талын худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон бусад мэргэжлийн байгууллагын хооронд шууд харилцаа тогтоож ажиллах чиглэлээр ярилцав. Тажикистаны талаас хоёр орны худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан зэрэг олон салбарт хамтран ажиллах боломжийг бий болгох, идэвхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар хоорондын комисс байгуулах санал дэвшүүлэв.
Түүнчлэн, Ерөнхий сайд К.Расулзода энэ оны дөрөвдүгээр сард Монгол-Тажикистаны найрамдлын бүлгийг өөрийн парламентдаа байгуулаад байгаагаа мэдээлж, цаашид хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.