Улаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсдог явдал. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тодорхой заасан байдаг ч жолооч нар мөрддөггүйгээс авто замд түгжрэл үүсгэж, зорчигчид бууж, суухад хүндрэл болохоос гадна нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулдаг. Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл энэ талаар "Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд нийтийн тээврийн буюу чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд 06.00-22.00 цагт автомашин зогсохыг хориглосон заалт бий. Гэтэл нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд хувийн тээврийн хэрэгсэл олноор байршуулсан нь автобусаар болон явган зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг ноцтой зөрчдөг. Ийм зөрчил гарсан тохиолдолд Тээврийн цагдаагийн алба болон Нийтийн тээврийн газрынхан арга хэмжээ авдаг. Иргэд ч E-police аппликэйшнийг ашиглан автобусны зогсоол дээрх машиныг мэдээлж болно. Иргэдийн мэдээллийн дагуу бид арга хэмжээ авна" гэлээ.
Он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх төрлийн 12 578 зөрчил илрүүлжээ. Үүний 2479 зөрчлийг нийтийн тээврийн байцаагч нар илрүүлж, мэдээлсэн байдаг. Хүйтэн сэрүүний улиралд нийслэлчүүд автобусаар зорчих нь нэмэгддэг. Гэтэл автобуснууд буудал дээрээ бус, авто замын нэгдүгээр эгнээний хөдөлгөөн дунд зогсох, яарч хөдлөх зэргээс аваар осол гарах магадлал өндөр юм. Энэ бүхнийг бодолцон иргэн та ч буруутай үйлдлийг илрүүлж, өөрийнхөө болон бусдын эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулаарай. Ингэхийн тулд буудал дээр зогсож, автобусны хөдөлгөөнд саад учруулсан, иргэдийг хохироосон машины тухай мэдээллийг баримтжуулан, E-police аппликэйшнд илгээгээрэй.