Цахим ертөнцөд "Модны Чука" нэрээр танигдсан иргэн Д.Эрдэнэчулуун Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандаж Баянзүрх хайрхныг ойжуулах хүсэлт гаргалаа. Тэрбээр нүүр номдоо "Хүндэт У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа. Надад 10 цэрэг хоол ундтай нь өгвөл Баянзүрх хайрхныг таван жилийн дотор ойжуулж чадахаар байна. Цэргүүдээ дэмий тэжээж байхаар мод тарьдаг, ядаж салаа цэрэгтэй болмоор байна. Хятадад зөвхөн мод тарьдаг 60 000 цэрэгтэй болсон байна. Цэргүүд маань албаа хааж дуусаад нутаг орондоо, Монгол Улс даяар мод тарьж ургуулдаг хүмүүс болвол цөлжилтийн эсрэг нэг ажил амжилтанд хүрнэ. Ахан дүүс саналыг минь зөв гэж бодож байгаа бол Ерөнхийлөгчид хүртэл нь цааш түгээж өгөөч" хэмээн бичжээ. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр үүнд "Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны наймдугаар 11-нд Батлан хамгаалах яаманд ажиллах үеэр Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд зэвсэгт хүчин цөлжилтийн эсрэг ажиллах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Удахгүй албан ёсны шийдвэр гарч хэрэгжиж эхлэх байх" хэмээн хариу барилаа.