Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох замыг 2018 оны дөрөвдүгээр сард барьсан. Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор түр замыг нөхөн сэргээлтийг хийсэн бөгөөд өнөөдөр буюу есдүгээр сарын 16-нд замын хөдөлгөөнийг нээсэн талаар албаныхан мэдээллээ. Дунд гол дээгүүр барьж байгаа 60 метр урт гүүрний барилгын ажил дуусаж, үндсэн гүүрний доод талын буцаж эргэх эргэлтийн замын хөдөлгөөнийг ирэх аравдугаар сард нээх хүртэлх хугацаанд эл замыг түр ашиглах гэнэ.