Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц, Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд тэднийг УИХ-ын дарга хүлээн авч уулзсан. Франц улстай худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, аюулгүй байдал зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, харилцаагаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх хүсэл эрмэлзэлтэй буйгаа парламентын дарга энэ үеэр илэрхийлсэн юм. Мөн хоёр улсын парламент хуулийн төсөл боловсруулах, батлах, хэрэгжүүлэх туршлагаа солилцон, харилцааны түвшнээ ахиулахад манлайлан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа талууд хэлж байлаа.
Түүнчлэн УИХ дахь Монгол, Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөлтэй тэд уулзсан юм. Айлчлалын талаар найрамдлын бүлгүүдийн дарга нар болох Ж.Чинбүрэн, Филипп Мүэй нар мэдээлэл хийсэн бөгөөд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд парламентын бүлгийн гүйцэтгэх үүрэг чухал болохыг онцолж байлаа.
Харин эмэгтэй гишүүдтэй уулзах үеэр бүлгийн дарга Филипп Мүэй “Манай улсын парламентын 35 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад өндөр ч 50 хувьд хүргэх шаардлага бий. Харин орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, талаас илүү хувийг бүрддэг болсон. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, аль ч салбарт хүйсийн тэгш оролцоо, тэнцвэрийг хангахад боловсролын тэгш байдал чухал үүрэгтэй” хэмээн тэмдэглэв.
Үүнээс гадна Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Францын хууль тогтоогчдыг хүлээн авч уулзлаа. Монгол, Францын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1923 оноос эхлэлтэй. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 2015 оноос хойш хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. Ингэхдээ жил бүр 10 монгол иргэнийг Францын их, дээд сургуулиудын магистрантурт илгээдэг байсныг цар тахлын хүндрэлээс шалтгаалан зургаа болгоод буй. Цаашид тэтгэлгийн санхүүжилт, квотыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа сайд Л.Энх-Амгалан дурдаад, Францын ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сэтгэл зүйн ямар үйлчилгээ үзүүлдэг, сэтгэл судлаачдыг хэрхэн бэлтгэдэг талаар туршлага судалж, хамтарч ажиллахад дэмжлэг хүслээ.
Бэлтгэсэн У.Наран