Монгол Улсын ирэх оны төсөв, 2023-2024 оны төсвийн төсөөллийн төслийг өчигдөр Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас танилцуулжээ. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэл болон санхүүжилтийн Төрийн сан дахь гүйлгээний явцын талаар уламжилсан аж. Мөн Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжин, сайд нарын саналыг тусган, төслийг нь Монголбанктай хамтран боловсруулахыг салбарын сайд нарт даалгасан байна. Үүний талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн бөгөөд сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.
-Ирэх оны төсвийн онцлог юу байх вэ?
-Энэ төсвийн төслийг бол цар тахлын дараах үеийн эдийн засгийн сорилттой холбон боловсруулж байна. “Ковид-19” өдөр тутам тодорхойгүй асуудлууд дагуулж байна. Эдийн засгийн уналт энэ оны сүүлийн хагаст доод цэгтээ тулж, 2022 онд сэргэх төсөөлөл бий. Бид төсвийн шинэчлэлээ үргэлжлүүлнэ. Эхлээд эдийн засгаа сэргээх нь чухал. Ингэхдээ хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, урсгал зардлаа багасгах, дэд бүтцийн салбаруудаар дамжуулж бизнесийнхнийг дэмжих бодлого баримтална. Өнгөрсөн дөрвөн жил утаа, агаарын бохирдолтой тэмцсэн бол ирэх дөрвөн жил автомашины түгжрэлийг бууруулахын төлөө ажиллана. Шинэчлэлийн хүрээнд төсвийн байгууллагуудын бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлнэ. Тухайлбал, энэ жил эрүүл мэндийн салбарынхны ажлын үр дүн, чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилттэй болгох юм. Ирэх онд боловсрол, соёл урлаг, нийгмийн халамжийн салбарын санхүүжилтийг дээрх жишгээр өөрчилнө. Өдгөө 198 мянган төрийн албан хаагч бий. Энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлийнхнээр төрийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэн, тэднийг дэмжихийн зэрэгцээ төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна. Хөрөнгө оруулалтын хувьд эрүүл мэндийн салбараас бусдынхыг тодорхой хэмжээнд хэмнэж, хасахаар тооцсон. Тэндээс хэмнэснээ дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтад түлхүү зарцуулна. Түүнчлэн байр, машин, тавилга, эд зүйл гэх мэтэд аль болох хөрөнгө төсөвлөхгүй зарчим баримталж байна. Он дамжсан буюу шилжих хөрөнгө оруулалт, концессын зарчмаар барьж буй бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн дуусгах бодлого баримтална.
-Төсвийн орлогыг бүрдүүлдэг гол түүхий эдийн үнийг хэрхэн тооцсон бэ?
-Нүүрсний экспорт хамгийн өндөр байсан үе нь 2019 он. Тухайн үед манай улс 36.5 сая тонн нүүрс экспортолж байсан. Энэ жил 30 гаруй сая тонныг гаргахаар төсөөлж байсан ч бодит байдлаа харвал 16 сая тонныг л экспортлохоор байна. Ирэх онд бас байдал хүнд, экспортын хувь биднээс шалтгаалахгүй байхаар буй. Гэхдээ бид 2019 оны түвшинд хүргэхээр тооцож тусгасан. Учир нь 2022 онд манай гол түүхий эдүүдийн үнэ өндөр байх таамаглал бий. Энэ таатай боломжийг тултал ашиглахын төлөө бүхнийг хийх ёстой. Төмөр замаар гаргадаг түүхий эдийн хэмжээг ирэх жил 5-10 хувиар өсгөж тооцсон.