Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор болгон, орон нутагт үе шаттайгаар хөгжүүлэх гэнэ. Үүнтэй холбогдуулан
Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиуд, Орхон аймаг дахь технологийн сургууль багтаж буй аж. Мөн Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах нь. Үүнийг ч мөн сургалт-эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн цогцолбор болгох гэнэ.
Иймд эдгээр сургуулийг цогцолбор болгох ажлын төлөвлөгөөг орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ХААИС, ШУТИС, АШУҮИС-тай хамтран боловсруулж хэрэгжүүлэхийг даалгав. Түүнчлэн орон нутаг дахь их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх, цахим сургалтыг дэмжих ажлын хүрээнд багш нарыг нь зөөврийн компьютероор хангах санхүүгийн эх үүсвэрийг Сангийн яамтай хамтран шийдвэрлэхийг чиглэл болголоо. Орон нутагт суралцах оюутнуудад зориулсан сургалтын зээл, хөнгөлөлт, тэтгэлгийн хөтөлбөрийг их сургууль, орон нутгийн захиргаатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх юм байна. Мөн багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, оюутнуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.