Баянгол дүүргийн VI хороо буюу Х хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны 3300 метр урт хос шугамыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр бүрэн шинэчилж буй. Үүнээс 2690 метр урт хос шугамыг энэ онд багтаан шинэчилж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм. Шинэчлэлийн ажилтай холбоотойгоор X, I хороолол орчмын айлуудын хэрэглээний халуун усыг багагүй хугацаагаар хязгаарласан. Тэгвэл өчигдрийн байдлаар 2410 метр урт хос шугамыг бүрэн шинэчилж, ашиглалтад оруулсан байна. Уг ажлыг “Хангилцаг”, “Энерго сервис монтаж”, МЭЗ компанийнхан гүйцэтгэжээ. Ингэснээр хэрэглээгээ хязгаарлуулсан 70 орон сууцын 8900 айл, 26 аж ахуйн нэгж, байгууллагыг халуун усаар хангах боломж бүрдсэн аж. Үлдсэн 280 метр урт шугамыг холбох ажил зарим тоног төхөөрөмж хил дээр саатсанаас болж удааширчээ. Уг асуудлыг шийдэж, шугамуудаа угсарч эхэлсэн бөгөөд Х хороолол, Цамбагарав орчмын таван орон сууцын 226 айлыг энэ сарын 18-28-нд хэрэглээний халуун усаар хангах гэнэ.
Бэлтгэсэн М.Оч