Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын дарга Ц.Ганхүүг 2021 оны есдүгээр сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ийнхүү шийдвэрлэсэн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдож АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст яллагдагчаар тооцон шалгаж буйтай холбоотой юм. ГЗБГЗЗГ-ын даргаар 2015 оноос хойш ажиллаж байгаа, тэтгэврийн насанд ч хүрч буй түүнийг хууль сахиулах байгууллагынхан хэд хэдэн үндэслэлээр шалгах болсон юм. Улмаар наймдугаар сарын 26-нд гэрт нь болон албан өрөөнд нь нэгжлэг хийсэн билээ. Түүгээр ч зогсохгүй садан төрлийн холбоотой, “Морьтон групп”, “Инэл” ХХК, “Эфэс” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагчийн нэг С.Мөнхбатыг ч хамтатган шалгах болсон юм. Улмаар Ц.Ганхүүгийнхээс 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний юань, ам.доллар, евро зэрэг валют хураан авсан билээ.
Ц.Ганхүүгийн хүү, найз, садан төрлийнх нь хүн барилгын үйл ажиллагаа эрхлэх компанитай бөгөөд ГЗБГЗЗГ-ын дарга албан тушаалаа ашиглаж тэдэнд давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн хэдэн сарын өмнө хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байсан. Түүний хамаарал бүхий хүмүүс нь Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг буюу дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” нэртэй хотхон барьж ашиглалтад оруулсан бөгөөд тэдгээрийн газрыг олгоход БХБЯ, БОАЖЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Барилгын хөгжлийн төвийнхөнд нөлөөлсөн хэмээн яллагдагчаар тооцоод байгаа билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа